Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНХАУ Чингис хааны үзэсгэлэнээс “Чингис хаан” нэрийг хасахыг шаардсаны эргэн тойронд

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
4 минут 45 секунд

Зургийн тайлбар: Монгол Улсын нийслэл Улаанбаатараас зүүн зүгт орших Чингис хааны хөшөө. 2019 оны 6 дугаар сар. Зургийг Б.Рэнцэндорж. Эх сурвалж: Ройтерс агентлаг.

Түлхүүр мэдээлэл:
  • БНХАУ Францын музейг Монголын соёлд шахалт үзүүлсээр байгаа тул Чингис хааны үзэсгэлэнгээс “Чингис хаан” гэсэн үгийг хасахыг шаарджээ.
  • Хятадын эрх баригчид олон элементэд хяналт тавихыг шаардсаны дараа Францын музей Монголын байлдан дагуулагч Чингис хааны тухай үзэсгэлэнгээ хойшлуулахаас өөр аргагүйд хүрсэн тухай олон хэвлэлүүд мэдээлэв.
  • Хятадын Соёлын өвийн товчоо музейгээс “Чингис хаан”, “эзэнт гүрэн”, “Монгол” гэсэн үгсийг шоунаас хасахыг хүссэн гэж музейн захирал “Ассошиэйтэд Пресс” агентлагт өгсөн мэдэгдэлдээ дурджээ.
  • Товчоо музейгээс өөрчлөлтийг “Үндэсний шинэ өгүүлэмжтэй” хийхийг хүссэн гэж найруулагч ярьжээ.
  • Музей нь цензур хийх оролдлогыг БНХАУ Өвөр Монголын соёл урлагт шахалт үзүүлж байгаатай холбон үзжээ.

Хятадын эрх баригчид Монголын их хаан, байлдан дагуулагч Чингис хаантай холбоотой Францын үзэсгэлэнгээс “Чингис хаан”, “эзэнт гүрэн”, “Монгол” гэсэн үгсийг хасахыг шаардсан талаарх мэдээллүүдийг тоймлон хүргэж байна.

Ямар учиртай үзэсгэлэн байсан бэ?

Францын баруун Нант хотын музейн "Тэнгэр, талын хөвгүүд: Чингис хаан ба Монголын эзэнт гүрний байгуулалт" үзэсгэлэн нь XII зуунд асар том эзэнт гүрнийг байлдан дагуулж байсан Монголын удирдагч Чингис хааны тухай байв. Түүхэн дэх хамгийн агуу байлдан дагуулагчдыг тодруулах зорилготой үзэсгэлэн нь 2021 оны эхний хагаст Нантын түүхийн музейн (Musée d’histoire de Nantes) гол үзмэр болох ёстой байв.

Чингис хаан ба Монголын эзэнт гүрний түүхэнд зориулсан үзэсгэлэн гаргахад эрдэмтэн судлаачдын олон жилийн хөдөлмөр, хамтын ажиллагааг шаардсан байна. Тэд үзэсгэлэнг бүтээхдээ археологи, уран зураг, зураг зүйн баялаг цуглуулгатай БНХАУ-ын Хөх хотын Өвөр Монголын музейтэй хамтран хэрэгжүүлсэн аж.  

Чингис хааны тухай үзэсгэлэн Францад урьд өмнө үзэгдэж байгаагүй XIII, XIV зууны үеийн эзэн хааны тамга, алтан эдлэл зэргийг багтаасан 225 эд таваарыг Нант хот руу нүүлгэхийн өмнө асуудал үүссэн нь энэ юм.

Үзэсгэлэн энэ сард Нант хотод нээгдэх ёстой байсан бөгөөд 2021 оны дөрөвдүгээр сар хүртэл үргэлжлэх ёстой байв.

2020 онд 10-р сард зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн энэхүү үзэсгэлэнг 2017 онд Нидерландын Цэргийн музейд Соестерберг хотод анх танилцуулжээ. “Анхны танилцуулгаас тохируулан гаргасан үзэсгэлэн Ковид-19-ийн улмаас өдийг хүртэл хойшлогдсон. Хятадын эрх баригчдын цензураас болж хойшлогдоод зогсохгүй анхны хэлбэрээрээ тавигдахгүй боллоо” гэж Нантын түүхэн музейн захирал Бертран Гийлет харамсаж ярьжээ.

Үзэсгэлэн 3 жилээр хойшлуулаад байна.

Зургийн тайлбар: Хятадын талаас гаргасан соёлын цензурыг ингэж дүрслэн үзүүлжээ. Зургийг Оливер Бонхомме. 

БНХАУ-ын зүгээс ямар шаардлага тавив?

Францын музейн захирал Бертран Гийлет “Гуйлет БНХАУ-ын Соёлын өвийн товчооноос “Чингис хаан”, “эзэнт гүрэн”, “Монгол” гэсэн үгсийг хасах зэрэг олон өөрчлөлт хийхийг шаардсан” АП агентлагт мэдээлжээ. 

Товчооноос үзэсгэлэнгийн товхимол, газрын зураг, домог зэрэгт хүртэл хяналт тавихыг хүсчээ.

Гийлет Хятадын Соёлын өвийн товчоо “үндэсний соёлын шинэ өгүүлэмжийн төлөө монгол соёлыг нэг талыг баримталж бичих элементүүдийг багтаасан” өөрчлөлт оруулахыг оролдсон гэж хэлжээ.

Хятадын эх баригчдын цензурыг юу гэж дүгнэв?

Францын хэвлэлүүд энэхүү үйл явдлыг Хятадад сүүлийн саруудад монгол угсаатны хэлмэгдүүлэлт ихэссэнтэй холбон авч үзсэн байна. “Le Monde” сонинд “Хятад улс тус улсад Уйгар, Хуй, Уцул лалын шашинтнууд болон Түвд үндэстэн зэрэг угсаатны болон шашны соёлыг дарах ажлыг сүүлийн жилүүдэд эрчимжүүлсэн. Наймдугаар сард Хятадын засгийн газар мандарин хятад хэлний олон хичээлийг дэмжиж монгол хэлний хичээлийг багасгах бодлогыг хэрэгжүүлсэн” гэж онцолжээ.

Г.Мандахбилэгт

 

“Улаанбаатар” Олон Улсын кино наадам маргааш эхэлнэ
“Улаанбаатар” Олон Улсын кино наадам маргааш эхэлнэ
 
Хүйтний эрч чангарч галлагаа ихэссэнтэй холбоотой гал түймрийн эрсдэл нэмэгджээ
Хүйтний эрч чангарч галлагаа ихэссэнтэй холбоотой гал түймрийн эрсдэл нэмэгджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.