УИХ-ын Төсвийн байнгын хорооны өчигдөр хуралдаж Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулав.
Энэ үеэр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Ашигт малтмалын тухай хуульд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 5 хувиас дээш гаргахгүй гэж заасан. Харин францын талтай хийсэн хэлэлцээрийн үеэр АМНАТ-ийн хувиа өсгөж болгохоор тохирсон. Асуудлыг хатуу хуульчлах гэхээсээ уян хатан зохицуулалтыг тусгаж, цаашдаа ийм гэрээ, хэлцэл хийхэд харилцан тохиролцоод хийх боломж, бололцоог бүрдүүлэх нь чухал. Ашигт малтмалын тухай хуульд улсын төсвөөс нөөцийг нь тодорхойлсон бол 50 хүртэлх хувийг нь үнэ төлбөргүйгээр эзэмших, харин хувийн хэвшил өөрсдөө санхүүжилт гаргаад нөөцийг нь тодорхойлсон бол 34 хүртэлх хувийг нь эзэмших гэсэн ийм хоёр заалттай. Энэ заалт Ашигт малтмалын тухай хуульд төрийн эзэмшлийн хувийг АМНАТ-өөр эсвэл, бүтээгдэхүүн хуваахаар орлуулах нь нээлттэй байдаг.
Гэтэл Цөмийн энергийн тухай хуульд төрийн эзэмшлийн хувь хэмжээг АМНАТ-өөр орлуулах эрх зүйн орчин байхгүй. Иймд Цөмийн энергийн хуулийг л өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Ашигт малтмалын хуультай адил нийцүүлж байна.
Мөнбид баялгаа үнэлж, тэд хөрөнгө оруулалтаа хийж байж хөрөнгө оруулалтын гэрээ амилна гээд Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулаад, цаашлаад энгийн хувьцаагаа давуу эрхийн хувьцаа болгоод санхүүгийн хариуцлагаас холдох нь зөв. Гэхдээ төр ноогдол ашгаа ч, АМНАТ-ийнхөө орлогоо ч авна. Энэ хууль батлагдсанаар гэрээ, хэлэлцээрээ хуульд нийцүүлэн үргэлжлүүлнэ. АМНАТ-ийн хэмжээг хэрхэн, яаж тогтоохыг Улсын Их Хурал шийднэ. Харин зардал хянах асуудал нь хувьцаатай шууд холбоотой" гэжээ.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!