Монгол Улсын урт хугацааны хөгжлийн “Алсын хараа-2050” бодлого, дунд хугацааны “Шинэ сэргэлтийн бодлого” зорилтот хөтөлбөр, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд нийцүүлэн хэрэгжүүлэх “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан.
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Бүсчилсэн хөгжлийн бодлого, Хүний хөгжлийн бодлого, Эдийн засгийн бодлого, Хүний эрхийг дээдэлсэн засаглалын бодлого гэсэн үндсэн дөрвөн бодлогын хүрээнд 16 чиглэлийн 620 зорилтыг хэрэгжүүлэхээр тусгасан байна. Эдгээрийн дотор сүүлийн 30 жил хүлээгдсэн эрчим хүчний салбарын реформыг цаг алдалгүй эхлүүлэх, эрчим хүчний дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, аж үйлдвэржилт, бүсчилсэн хөгжил, шинэ хотын бүтээн байгуулалт зэрэг эдийн засгийг тэлэх 14 мега төслийг багтаажээ.
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлснээр ядуурлын түвшнийг хоёр дахин бууруулж 14 хувьд хүргэх, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 10 000 ам.долларт хүргэх, хүний хөгжлийн үзүүлэлт, эдийн засгийн эрх чөлөөний байдлын үзүүлэлт, засаглалын үзүүлэлтийн дундаж болон дэлхийн инновацын үзүүлэлт, дэлхийн сайн орны үзүүлэлтийг тус бүр 10 байраар, авлигын үзүүлэлтийг 30 байраар ахиулах үр дүнг хүлээж байна.