Дэлхийд мэдээллийн технологи, банкны үндсэн бүртгэлийн систем нийлүүлэлтээр тэргүүлэгч “Infosys” технологийн компаниас жил бүр зохион байгуулдаг “Finacle Conclave 2024” удирдах түвшний арга хэмжээ "Next-Gen Now: Shaping Banking’s Future" сэдвийн дор боллоо. Тус компанийн банкны үндсэн системийг дэлхийн 100 гаруй орны, тухайлбал DBS Bank, ICICI Bank, ING group, Standard bank зэрэг 500 гаруй банк ашигладаг юм.
Португал улсын Фаро хотод зохион байгуулагдсан уг арга хэмжээнд 40 гаруй улсын төлөөлөл болсон 100 орчим байгууллагын 375 төлөөлөгч оролцсоноос голчлон банкны салбарын удирдагчид, шинжээчид, технологийн компаниудын C түвшний удирдлагууд хуран чуулж, технологид суурилсан банкны салбарын хамгийн сүүлийн үеийн инновацыг судалж, хурдацтай хөгжиж буй орчинд хэрхэн хөгжих талаар шилдэг туршлага, ойлголтоо хуваалцсан байна. Мөн дижитал шилжилтийг өргөжүүлэх, уян хатан үйл ажиллагааг бий болгох, үүлэн болон хиймэл оюун ухааны дэвшилтэт шийдлүүдийг нэгтгэх, уламжлалт банкны системийг өөрчлөх, харилцагчийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг банкны салбарт шинэ хувьсгал хийж буй талаар хэлэлцлээ.
Энэхүү арга хэмжээний “Building Resilient Banks: The Digital Operations Imperative” хэлэлцүүлэгт Голомт банкны Мэдээллийн технологи хариуцсан захирал М.Сайнбилэг панелистаар оролцсон бөгөөд банкнууд дижитал эринд хөгжих, үйлчилгээ явуулахын тулд бүтээгдэхүүн, үйлчилгээнээс гадна дотоод үйл ажиллагаандаа ч мөн дижитал технологи, ялангуяа хиймэл оюун ухааны шийдэл, автоматжуулалтыг ашиглан дасан зохицох, цаашлаад ажилтнуудын хиймэл оюун ухааны ойлголт, хэрэглээг нэмэгдүүлэх замаар бүтээмжийг сайжруулах зайлшгүй шаардлагатай байгааг хэлэлцүүлгийн үеэр онцолсон юм.
Мөн оролцогчид, дижитал банк нь урьд өмнө байгаагүй хурдацтай өөрчлөгдөж байгаа бөгөөд энэ нь дижитал гүйлгээ, нээлттэй банк, API интеграцчлал, хиймэл оюуны хурдацтай өсөлтөөр өдөөгдөж, эдгээр дэвшил нь асар их нөөц бололцоог үүсгэхээс гадна их өгөгдөл, кибер аюулгуй байдал, харилцагчийн нууцлалын асуудлыг анхаарах ёстойг онцолсон байна. Банкны тогтвортой үйл ажиллагаа, уян хатан байдал нь хүн амын түвшнээс үл хамаарч, ямар ч үед дижитал орчинд саадгүй байх нь стратегийн гол шаардлагын нэг гэдгийг тодотгожээ. Мөн дижитал эринд тогтвортой банкийг бий болгох чухал элементүүдийг дурдаж, дараагийн үеийн дижитал банкны платформууд, тэдгээрийг уян хатан, өргөтгөх боломж, суурийг хэрхэн тавьж байгаа талаар хэлэлцжээ.
Банкны үндсэн бүртгэлийн “Finacle” системийг Голомт банк нь Монгол Улсад анх удаа 2014 онд нэвтрүүлж, олон улсын шаардлагад нийцсэн банкны үйлчилгээг харилцагчдадаа шуурхай, найдвартай хүргэх боломжийг бүрдүүлсэн юм.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!