Шинээр бүрдсэн парламент дотор хөгөө чирч, хөлөө жийлцэж байгаа нь одоогоор Иргэний Зориг Ногоон Нам /ИЗНН/ болж байна. Гол дүр нь намын дарга Б.Батбаатар, УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара нар.
Өнгөрсөн ням гарагт Б.Батбаатар намынхаа Үндэсний хороог хуралдуулж дэд дарга нараа чөлөөлсөн. Шалтгаан нь түүнийг удаа дараа жинтэй шүүмжилсэн УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарад хариуцлага тооцсон үйлдэл байсан бол бусад найман дэд даргын чөлөөлөлт зүгээр л шалтаг байв.
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн хувьд сонгогдсоноосоо хойш хоёр ч удаа намын даргаараа шүгэл үлээсэн гэж хэлж болно. Тэрбээр УИХ-ын гишүүний тангараг өргөөд удаагүй байхдаа намын санхүүгийн тайланг гишүүддээ танилцуулсангүй гэж анх асуудал хөндөж байв.
Харин саяхан УИХ-ын чуулганы хуралдаанд оролцох үеэрээ ИЗНН-ын дарга Б.Батбаатар тэргүүтэй гишүүд хурууны хээгээ уншуулж, ирцэд орчхоод чуулганы хуралдаандаа суухгүй байгаа тул тасалснаар бүртгэх шаардлагатай гэсэн саналыг гаргасан юм. Ямааны мах халуун дээрээ гэгчээр намын дарга нь түүнд хариуг нь өнгөрсөн ням гарагт дэд даргаас нь чөлөөлж барьсан хэрэг.
Одоо ИЗНН М.Нарантуяа-Нараг намын гишүүнээсээ хасах болбол жагсаалтын 5 дугаарт бичигдсэн нэр дэвшигч сонгуулийн хуульд зааснаар түүний оронд УИХ-ын гишүүнээр нөхөн сонгогдоно. Анзаарч харвал ИЗНН-ын жагсаалтын тав дугаарт Т.Бат-Эрдэнэ гэдэг хүний нэр бичигдсэн байдаг аж.
ИЗНН-ын энэ асуудал үнэндээ парламентад сонгогчдыг төлөөлж суудал аваагүй бол хэнд ч падгүй байх байсан биз. Асуудлын гол нь үүнд л байгаа юм.
Тодруулж хэлбэл, УИХ-ын гишүүн Б.Батбаатар, М.Нарантуяа-Нара нарын тэмцэл цаашлаад сонгуулийн тогтолцооны өөрчлөлтөөс бүрдсэн анхны 126 гишүүнтэй парламентыг ч муухай харагдуулах эрсдэлтэй.
Угтаа 2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийг Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу холимог тогтолцоогоор хийсэн. Тойргийн нэр дэвшилтээс гадна жагсаалтаас сонгогдох боломжийг намуудад олгосноороо онцлог юм. Энэ агуулгаар ИЗНН жагсаалтын буянаар дөрвөн суудал авсан ч тэд улс төрд төлөвшөөгүй дүрээрээ парламентын төгөлдөршилд нус наах нь.
Дээр нь шинэ парламентад сонгогдсон 126 гишүүнээс Ёс зүй, дэгийн хорооноос анхны сануулга авсан гишүүн бол ИЗНН-ын М.Нарантуяа-Нара. Өнгөн дээрээ нэг намын гишүүдийн асуудал мэт боловч алсдаа намын жагсаалтын үнэ цэнэ нийгэмд унах эрсдэлтэй.
Эцэст нь инфлүүнсэр ч биш эргээд хууччуулаа сонгоё гэдэг бодлыг сонгогчдод төрүүлэх суурийг тэд тавьж эхлээд буй гэхэд хилсдэхгүй биз.
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!