Дархан-Уул аймгийн иргэн М.Алтанбагана, түүний гэргий Г.Наранцэцэг нар тэрсхэн өссөн гурван хүүгээ хугацаат цэргийн албанд хамтад нь мордуулж, нулимс дүүрэн үдэж байсан мөчөөс хойш нэг жилийн хугацаа өнгөрчээ.
Том хүү А.Наранбат 100 жилийн түүхт Зэвсэгт хүчний 032 дугаар ангид, дунд хүү А.Ариунбат 80 жилийн түүхт Зэвсэгт хүчний 014 дүгээр ангид, удаах хүү А.Ариунбаяр 37 жилийн түүхт Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид тус тус хуваарилагдаж, эх орныхоо өмнөө хүлээсэн үүргээ нэр төртэй гүйцэтгэчхээд саяхан бэлтгэлээр халагдаад байна. Ах дүү ахлах байлдагч нарыг аав ээж, ахан дүүсээс гадна орон нутгийнхан ч аймгийнхаа төв талбайдаа ёс төртэй угтан авч, зуун зуун залууст үлгэрлэл болгон зарлаж, талархал дэвшүүлсэн нь дэндүү сайхан үйл явдал байлаа.
Бэлтгэл ахлах байлдагч А.Наранбат “Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн хүндэт харуулын ротод алба хаасандаа баяртай байна. Алба хаах хугацаандаа төрийн болон цэргийн ёслолын олон ажиллагаанд оролцож, төрийн хүндэт харуулын түүхийг өөрийн хэмжээндээ бичсэндээ бүр их баярлаж байна. ОХУ-ын Ерөнхийлөгч, Бутаны хатан хаан, Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч, Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгчийг угтан авч, Үндэсний Их баяр наадам, Төрийн далбааны өдрөөр ч торгон цэргийн үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн.
Өөр нэг бахархал гэвэл бид хугацаат цэргийн салаагаараа Зэвсэгт хүчний 2024 оны аварга шалгаруулах “Марш-тусгай бэлтгэл”-ийн тэмцээнээс хүрэл медаль хүртсэн” гээд үргэлжлүүлэн ангийн удирдлагууд нь “Онц сурлагатан”, “Тамирчин дайчин” медалиар шагнаж, ахлах байлдагч цол олгосныг бахархан ярилаа.
Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн ахлах байлдагч А.Ариунбаяр алба хаах хугацаандаа “Онц буудагч”, “Тамирчин дайчин” медалийг тус тус хүртэж, Зэвсэгт хүчний 2024 оны аварга шалгаруулах “Марш-тусгай бэлтгэл”-ийн тэмцээнд оролцсон байна. Мөн онжавуудтайгаа жолооны дамжаанд С ангиллаар суралцаж, дүүргэжээ. Тэр мөн л Дотоодын цэргийн ангид ахлагчаар элсэж, алба хаахаар төлөвлөж буйгаа ч дуулгажээ.
Эх сурвалж: DBS TV - Төвийн бүсийн ТВ