Палеонтологчид шүдгүй, өд сөдтэй, урд мөчөндөө ердөө хоёр хуруутай үлэг гүрвэлийн маш ер бусын шинэ төрөл зүйлийг илрүүлжээ. Эдгээр үлэг гүрвэлүүд нь гадаад төрхөөрөө аварга том тоть шувуутай төстэй байсан аж. Үлэг гүрвэлийн шинэ төрөл зүйлийн талаарх тайлбарыг “Royal Society Open Science” шинжлэх ухааны сэтгүүлд нийтэлсэн байна.
Эдинбургийн их сургуулийн судлаач Грегори Фанстонагаар ахлуулсан эрдэмтэд Монголын говиос өдтэй үлэг гүрвэлийн маш сайн хадгалагдан үлдсэн хэд хэдэн бүрэн бүтэн араг яс олжээ. Шинэ төрөл зүйлийг Алтайн домогт гардаг дүр болох "Оксоко" хэмээх гурван толгойт бүргэдийн нэрээр “Oksoko avarsan” хэмээн нэрлэсэн байна. Энэ нь гавлын гурван ясыг хамтад нь олсонтой холбоотой бол нэрийн хоёр дахь хэсэг нь монголоор "аврагдсан" гэх утгатай бөгөөд олдворыг хууль бусаар малтлага хийгчдээс аварсан учраас ийнхүү нэрлэжээ.
Судлаачид оксоко нь хоёр метрийн урт биетэй, холимог тэжээлтэн амьтан байсан гэж таамаглаж байна. Энэ үлэг гүрвэл нь тоть шиг шүдгүй, том хошуутай байсан бөгөөд урд мөч тус бүрт ердөө хоёр хуруутай аж. Энэхүү олдвор нь 68 сая орчим жилийн настай аж. Мөн одоогийн Монгол, Хятадын нутагт цэрдийн галавын сүүл үед амьдарч байсан гурван хуруут үлэг гүрвэл гэгддэг овирапторууд нэг хуруугаа алдсаны хамгийн анхны нотолгоо болжээ. Хойд Америк, Зүүн Азид шилжин суурьшсаныхаа дараа шинэ нөхцөлд дасан зохицох болсноор овирапторуудын мөчнүүдийн хэмжээ жижгирч, өөрчлөгдсөн гэж эрдэмтэд таамагладаг байна.
Олдсон бүх яс залуу үлэг гүрвэлүүдийнх бөгөөд бүгд нэг дороос олдсон учир сүрэглэж амьдардаг байсан гэж судлаачид үзэж байна. Эрдэмтдийн таамаглаж байгаагаар, 66 сая жилийн өмнө цэрдийн галав ба палеогений мөхлийн заагт явагдсан "их мөхлийн үе"-д шувуу бус бүх үлэг гүрвэл дэлхийн хөрснөөс алга болжээ. Судалгаанд Их Британийн эрдэмтдээс гадна, Канад, Япон, Монголын эрдэмтэд оролцсон юм.