Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгууль өнгөрсөн баасан гарагт болж, МАН үнэмлэхүй ялалт байгуулсан бол Ардчилсан нам НИТХ дээр 5 суудал авч, 21 аймгийн 9 аймагт ялалт байгуулсан юм. Харин ХҮН нам энэ удаагийн орон нутгийн сонгуульд НИТХ-т нэг ч суудал аваагүй бөгөөд дүүрэгт нэг суудал авсан билээ.
Тэгвэл сонгуулийн үр дүнтэй холбогдуулан ХҮН намаас мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХҮН намын нийслэлийн намын хорооны дарга Э.Золзаяа мэдэгдэл хийж "Сүүлийн хоёр өдрийн турш өөрчлөлтийг дотроосоо болон гаднаас хийх зайлшгүй шаардлага гарсан юм байна гэж бодсон. Сурталчилгааны хугацаа эхлэх үед ХҮН намын нэр дэвшигчид хотын хөгжлийн бодлогыг маш сайн гаргаж ярьсан. Гэвч бодлогын мэтгэлцээн болж чадсангүй. ХҮН намд саналаа өгсөн 220 мянган сонгогчдодоо баярлалаа. Одоо МАН-ын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг харж, хяналт тавих л үлдлээ. Бидний найдвар залуучууд байсан. Иргэд орчин нөхцөлдөө дүн тавьж, өөрчлөлийг хүсэх болов уу гэж найдаж байсан ч залуус хангалттай саналаа өгч чадсангүй" гэв.