УИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ удаагийн аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд саналаа өглөө. Тэрбээр ард иргэддээ хандаж хэлсэн үгэндээ "Энэ удаагийн сонгууль их онцлогтой байгаа. Яагаад гэвэл УИХ-ын сонгууль анх удаа бүсчилсэн хэлбэрээр явагдсан. Үүний үр дүнг хэрэгжүүлэх зорилготойгоор орон нутгийн сонгууль болж байгаа гэж ойлгож болно. Мэдээж улс орны дийлэнх асуудал УИХ, ЗГ-ын түвшинд яригддаг. Харин орон нутгийн хөгжлийн асуудал ИТХ-аар дамжуулан хэрэгждэг.
Энэ сонгуульд ард иргэд маань идэвхтэй оролцож, өөрсдийн төлөөллөө сонгож чадсанаар УИХ, ЗГ-аас хэрэгжүүлж буй бодлоготой хөл нийлүүлж алхах боломжийг бүрдүүлдгээрээ онцлог. Энэ удаагийн сонгуульд орон даяар 17 мянга орчим хүн нэр дэвшиж байна. 12 нам, эвсэл нэрээ дэвшүүлж буй байдлыг харахад Монголын улс төрийн намуудын төлөвшил, хөгжил бий болж орон нутгийн сонгуульд идэвхтэй оролцож байгаагийн илэрхийлэл гэж харж болно.
Энэхүү сонгуульд иргэд нэлээн анхаарал тавьж оролцож байгаа зүйл ажиглагдсан. Тиймээс ирц 50+1 хувийн босгыг давах хүлээлттэй байгаа. Урд урдны сонгуулиудын ирц төдийлөн өндөр байгаагүйн улмаас сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж, ирцийн босгыг авсан байдаг.
Гэхдээ иргэд өөрсдөө амьдарч буй орчиндоо илүү тав тухтай амьдрах, өөрсдийгөө төлөөлөх төлөөлөгчөө бий болгох зорилгыг илүү анхаарах болов уу гэж найдаж байна. Иргэдийн дунд ИТХ-ын төлөөлөгч нь дарга гэдэг ойлголт байдаг. Тэгвэл Иргэдийн төлөөлөгчөөрөө дамжуулж, өөрсдийн бодлогоо орон нутагтаа хэрэгжүүлэх боломж гэдэг талаас нь харж оролцоосой гэж хэлэхийг хүсэж байна" гэлээ.