Өчигдөр /10.16/ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдах үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан. Улмаар Төрийн байгуулалтын байнгын хороогоор дээрх хүсэлтийг шуурхай хэлэлцэж, 100 хувийн саналаар дэмжсэн билээ.
Тэгвэл өнөөдөр Д.Амарбаясгаланг УИХ-ын даргаас чөлөөлөх асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэлээ. Гишүүд асуулт асууж, үг хэлсэн бөгөөд эцсийн мөчид "Д.Амарбаясгаланг УИХ-ын даргын үүрэгт ажлаас чөлөөлөхийг дэмжье" гэсэн саналын томъёоллоор саналт хураалт явуулахад, санал хураалтад оролцсон 114 гишүүний 102 нь буюу 89.5 хувь нь дэмжсэнээр өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөллөө.
Ингэснээр УИХ-ын шинэ дарга томилогдтол УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа УИХ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэхээр болж байна.