Монголын улс төрийн ирэх дөрвөн жилийг тодорхойлох хамгийн сүүлийн сонгууль өнөөдөр болж байна. Сонгууль болж буйтай холботойгоор хэн нь ялж, хэн нь орон нутгаа авах вэ гэсэн өрсөлдөөн намууд дунд өрнөөд буй. Тэгвэл Завханы АН-ынхан дотроо багагүй бужигнаан үүсгэж буй бололтой.
Тодруулбал, УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа өөрийн албан ёсны пэйж хуудсаараа дамжуулан УИХ-ын гишүүн асан Я.Санжмятавт хандаж нэгэн сонирхолтой улс төрийн ньюанстай байр суурь илэрхийлжээ. Тэрбээр, "Энэ хүн бид хоёр Завханы улс төрөөс холдож, залууст лай болохоо болимоор юм даа. Хэчнээн ч олон жил тэмцэлдэв. Өөрөөсөө бусдыг үргэлж үгүйсгэдэг, өөд нь гаргадаггүй, боломжийг нь боомилж, дэгээдэж, нударч, түгжилддэг, талцуулж, хагалдаг өөдгүй эр хүн. Өөрөө арай ч Завханы дарга болно гэж яваагүй байлгүй дээ. Зальжин дүүгээ л шургуулчих санаатай ингэж улайрч байгаа биз. Завханчууд энэ гэр бүлд одоо төлөх өр үлдээгүй байх өө" гэжээ.
Сүүлийн үед сонгуулийн дараа хэн аймгаа авах гэдэг өрсөлдөөн АН дотор багагүй гарч эхэлсэн бололтой. Олон нийт залуучуудыг, шинэ хүмүүсийг хүсэмжилж байгаа гэдгээ өнгөрсөн УИХ-ын сонгуулиар хангалттай харуулсан. Гэвч Завханд хуучин гэгддэг улстөрчид дахин эрх мэдлийн төлөө зүтгэж эхэлсэн нь харагдаж байна.
Я.Санжмятав нь 2004 оноос хойш Завхан аймгаас гурван удаа УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан бөгөөд хамгийн сүүлд 2016 онд гишүүнээр сонгогдож байсан билээ. Ямартаа ч Завханы АН-ынхан "алаагүй баавгайн арьсыг зад булаацалдаж" эхэлсэн бололтой. Үүнд залуучууд нь "үеэ өнгөрөөсөн улстөрчид халаагаа өгөхгүй дахин эрх мэдэлд шуналаа гэж" ихээхэн дургүйцэж, Завханы АН-ынхан тэтгэврийн хөгшчүүдээсээ салъя гэдэг хөдөлгөөнийг нам дотроо өрнүүлж, намынхаа эсрэг сэнал өгөх хэмжээнд хүртэл газар авчээ.