Цахим орчинд "Эмчийн жоргүйгээр шприц, өвчин намдаах эм зэргийг авах боломжгүй болно" гэх мэдээлэл цацагдаад байгаа. Тэгвэл Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас тайлбар мэдээлэл өглөө. Тодруулбал,
"Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулга аравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Энэ хуульд эмийн чанар, аюулгүй байдалтай холбоотой маш олон зарчмын өөрчлөлтүүд орсон. Гэхдээ жороор олгодог эмийг жороор олгодог зохицуулалт 20-30 жил хэрэгжээд явж байгаа. Хуулийн шинэчилсэн найруулгад эмийг жороор олгохтой холбоотой шинэ зохицуулалт ороогүй. Өөрөөр хэлбэл, жороор олгох эмийн журамд ямар нэг өөрчлөлт ороогүй гэсэн үг.
Харин Зөрчлийн тухай хуульд хориглох заалтууд нэмэгдсэн. Монгол Улсын эмийн бүртгэлд 4200 орчим эм байгаагийн 1800 орчим нь жоргүй олгогддог. Эдгээр эмийг иргэд эмзүйчтэй зөвлөлдөж байгаад авч хэрэглэж болдог" гэв