Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж танилцуулсан асуудлын талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр,
"Өнөөдрийн хуралдаанаар авлигын эсрэг хуулийн эхний танилцуулгыг хийлээ. Энэ хуульд нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгө, орлогыг хураах тухай анхдагч хуулийн төслийн анхны танилцуулгыг хийсэн.
Ер нь нэг зарчим бий. Монгол Улс хөөн хэлэлцэх хугацаагаар, хуулийн хийдлээр болон албан тушаалтнуудын эрх мэдлээс шалтгаалаад авлигачдыг шийтгэж чадалгүй өдий хүрсэн. Бид оффшор дансан дахь хөрөнгийг хураана гэж олон жил ярилаа. Үнэн хэрэгтээ, хилийн чанадад байгаа хөрөнгийг хураана гэж хий ярихын оронд яг өөрсдийн нүдэн дээр байгаа буюу 2 сая төгрөгийн цалинтай хэрнээ 200 сая төгрөгийн үнэтэй машин унадаг, 3 сая төгрөгийн орлоготой мөртлөө 3 тэрбум төгрөгийн үнэтэй хаусанд амьдардаг төрийн алба хашиж байсан ТӨК-ийн захирлаар ажиллаж байсан хүмүүстэй хариуцлага тооцох асуудал чухал.
Дээрх анхдагч хууль нь 40 гаруй зүйл, 200 гаруй заалттай. Энэ удаагийн намрын чуулганы хугацаанд амжиж ЗГ-аас УИХ-д өргөн барих зорилготой байгаа. Энэ хууль батлагдсан тохиолдолд ямар нэг хөөн хэлэлцэх хугацаа, шалтаг тайлбар сонсохгүйгээр татвар төлөөгүй, орлогоо нотолж чадаагүй буюу хууль бус хөрөнгийг хураах нөхцөл бүрдэх юм. Үүнийг ч Монголын ард түмэн шаардаж байгаа. Ингэж байж авлигын эсрэг хийх тэмцэлдээ амжилт гаргана" гэсэн юм.