Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат "ЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэнгийн асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж байгаa. Тамгын газрын даргыг нь түр орлон гүйцэтгэгчээр томилсон" гэв.
Л.Бямбасүрэнг есдүгээр сарын 25-нд суллаж, гадуур шалгаж эхэлсэн. Түүнчлэн есдүгээр сарын 25-ны өдөр Засгийн газар хуралдаж Л.Бямбасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдаг.
Тодруулбал, Нийслэлийн Прокурорын газраас Л.Бямбасүрэн, С.Ундрам, Б.Номинсувд нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг есдүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлснийг хүлээн авч хянан хэлэлцээд 30 хоногийн хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн.
Улмаар Л.Бямбасүрэнгийн өмгөөлөгч Д.Чинзориг, З.Хүрэлсүх, яллагдагч Б.Номинсувдын өмгөөлөгч Б.Балжидмаа, Р.Булгамаа, яллагдагч С.Ундрамын өмгөөлөгч Ц.Даваажаргал нарын зүгээс тус шүүхийн шүүгчийн “Яллагдагчаар цагдан хорих тухай” захирамжид гаргасан гомдлыг Ерөнхий шүүгчийг эзгүйд томилогдсон шүүгч есдүгээр сарын 25-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон.