Өнөөдөр /2020.10.07/ УИХ-ын дарга Г.Занданшатар парламентын үйл ажиллагааг цахимд шилжүүлж байгаа тухай мэдээлэл хийлээ. УИХ-ын дотоод бүртгэл мэдээллийн системийг нэгтгэж, дотоод үйл ажиллагааны нэгдсэн систем үүсч, нэг системээр мэдээ мэдээллээ авах боломжтой болжээ.
УИХ-ын дарга Г.ЗАНДАНШАТАР:
“Заавал биечлэн уулзах, ирц бүртгэл, санхүүгийн тодорхойлолт, унаа захиалах зэрэг асуудал олон гарын үсэг шаардагддаг байсан бол одоо бүгд нэг системтэй болж, цахимжиж байна. Цаашид техник ажиллагаа, цаг хугацаа зарцуулдаг байсан тайлан боловсруулах, гүйцэтгэлийн ажлууд, УИХ-ын гишүүдийн албан хэрэгцээнд ашиглагддаг систем, хуралдааны хуваар зэрэг цаасаар тараагддаг бүх материалыг цахим хэлбэрээр тараагдаж буй. Чимэгэ систем ашиглаж, гишүүдийн яриа, хэлсэн үг, протоколыг хүний оролцоо багатайгаар тэмдэглэгдэх, цаас хэмнэхээс гадна маш сайн хяналтын системтэй болж байна” хэмээлээ.
УИХ-ын гишүүн Н.УЧРАЛ:
“УИХ-ын даргын санаачлагаар парламент цахим хэлбэрт шилжиж байгаагаа албан ёсоор зарлаж, үйл ажиллагаагаа явуулж эхэллээ. Цаасгүй парламентын хүрээнд УИХ-ын даргын захирамжаар хуулийг олон нийтэд таниулах ажил үр дүнд хүрч, хууль тогтоомжийн хуулийн дагуу цахим системийг албан ёсоор нээлээ. Мөн хууль санаачлагч боловсруулах шатандаа олон нийтэд таниулах, хамтран ажиллах, илүү нээлттэй болгох, иргэд хэрэглэгчийн эрхээд нэвтэрч, хууль санаачлагчтай шууд харилцаж, саналаа илэрхийлэх боломж бүрдэж байгаа. Цаашид бид УИХ, байнгын хорооноос зохион байгуулж байгаа хэлэлцүүлэг, хуралд цаас тараахгүйгээр QR код ашиглаж, хэрэглээндээ нэвтрүүлэхээр ажиллаж байна. Аравдугаар сарын 1-нээс төрийн 180 үйлчилгээг цахимаар авч эхэлсэн бол одоо УИХ цахимжиж байна. Мөн бид намрын чуулганаар Мэдээллийн аюулгүй байдлын тухай зэрэг хэд хэдэн хуулийн төслүүдийг өргөн барьж, батлуулахаар ажиллаж байна” хэмээсэн юм.