УИХ-ын намрын чуулган өчигдөр нээлтээ хийлээ. Энэ удаагийн чуулганаар нэн тэргүүнд хэлэлцэх асуудлын нэг нь 2025 оны төсвийн тухай хууль. Үүнтэй холбогдуулан "эдийн засгийн сэтгүүлчдийн клуб"-ээс "ТӨСӨВ-2025" хэлэлцүүлгийг намрын чуулганаас өмнөхөн зохион байгуулж, салбар бүрийн төлөөлөл эрчим хүч, зам тээвэр, дэд төслүүдтэй холбоотой чухал асуудлыг хөндөж өөрсдийн байр сууриа илэрхийлсэн. Ирэх жил бид 83.3 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөж байгаа бөгөөд төсвийн орлого 33.9, зардал 35.8 их наяд байхаар төлөвлөөд буй. Хэрэв төсвийн орлого бүрдэхгүй нөхцөлд эдийн засгийн өсөлт 8 хувийн төсөөлөлд хүрэх эсэх, үүсэж болзошгүй эрсдлийн талаар Сангийн сайд Б.Жавхлан болон салбар бүрийн төлөөлөл, эдийн засагчид дараах байр суурийг илэрхийллээ.
ГАДААД НӨХЦӨЛ БАЙДЛААС ШАЛТГААЛСАН ТӨСВИЙН ОРЛОГО ТАСРАХ ЭРСДЭЛ ӨНДӨР
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга, эдийн засагч Н.Энхбаяр: Төсвийн орлого бүрдэхгүй байх эрсдэл өндөр байна. Яагаад гэвэл, уул уурхайн бүтээгдэхүүний экспортын 92 хувь нь түүхий эд байгаа юм. Үүнийг худалдан авч буй хоёр л зах зээлтэй бөгөөд Хятад руу 88 хувийг экспортолдог бол Солонгос руу молибединий баяжмал нийлүүлж байна.
Монгол Улсын хувьд экспортоос олж буй 16 орчим тэрбум ам.долларын орлогын 14 тэрбум ам.доллар нь түүхий эд болж таарч байна. Иймээс бидний хувьд болгоомжлох ёстой зах зээл нь Хятад. Урд хөрш өөрөө нүүрсний асар том зах зээлтэй, 33 мужтай. Гэтэл Монголын нийлүүлж буй түүхий эд нь өөрөө нэг улс ч биш хатуухан хэлэхэд нэг мужаас л хамаарч байгаа юм.
Харин мужийн хувьд эрсдэл янз бүрээр үүсэж болно. Хэдийгээр улс төрийн хүрээнд өндөр түвшинд айлчлал хийж, түүхий эдийн экспортыг нэмэгдүүлэх, хилийн холболт зэрэгт тохиролцоонд хүрч байгаа ч бодит байдал дээр анхан шатан дээр л бэрхшээл төрөл бүрээр л үүснэ. Мөн сүүлийн жилүүдэд Хятадын эдийн засаг саарч байгаатай холбоотой олон асуудал яригдаж байна. Үл хөдлөх хөрөнгийн хямрал, залуусын ажилгүйдэл, геополитикийн асуудал зэргээс үүдэн эдийн засгийн өсөлт 5-аас доош хувьтай байхаар олон улсын байгууллагууд төсөөлж байхад эсрэгээрээ манай улс маш өөдрөг байгаа юм.
Биднээс үл хамаарах гадаад эдийн засгийн нөхцөл байдал болон түүхий эдийн орлого буурах магадлалтайг бид сануулсаар байна. Тиймээс эдийн засгийн өсөлтийг 8 хувьд хүргэх хэт өөдрөг төсөөлөл нь боломжгүй.
Бидний тооцооллоос гадна олон улсын байгууллагууд манай улсын эдийн засгийн өсөлтийг 6 хувьд таамаглаж байна. Харин Сангийн яам эдийн засгийн өсөлтийг 8 хувьтай байхаар хэт өөдрөг үзэж байгааг уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбож байна.Энэ талаар Их хурал дээр 2025 оны төсвийг хэлэлцүүлэх явцад тайлбарлах байх.
ТӨСВИЙН ОРЛОГЫГ БҮРДҮҮЛДЭГ УУЛ УУРХАЙН САЛБАРЫН ЭКСПОРТ БИЕТ ХЭМЖЭЭГЭЭР ЭРСДЭЛ ҮҮСЭХГҮЙ
Сангийн сайд Б.Жавхлан: Мэдээж эрсдэл бол үргэлж байдаг. Цар тахлын улмаас өнгөрсөн жилүүдэд хил хаалттай, экспорт гацсан маш өндөр эрсдэлд байсан. Гэсэн ч Засгийн газар, УИХ-аас эрсдлийн менежментээ сайн хийж хүнд жилүүдийг давж байна. Цаашид эдийн засгийг тогтворжуулах, урт хугацааны хөгжлийг бий болгох нь ирэх дөрвөн жилийн сорилт дунд байх болов уу.
Төсвийн орлого төлөвлөлтийн хувьд хамгийн гол нь уул уурхайн салбарын экспортын орлогоос хамаарна. Иймд биет хэмжээний хувьд эрсдэл байхгүй.
Харьцангуй бага гэж хэлж болно. Энэ жилийн хувьд нүүрсний экспорт 80 гаруй сая тонн-д хүрэхээр байна. Хятадын талаас хэчнээн их нүүрс экспортолсон ч хамаагүй худалдан авахап бэлэн байгаагаа илэрхийлсэн. Мэдээж ирэх оны төсвийг төлөвлөхдөө сүүлийн 20 жилийн төсөв, энэ жилийн төсвийн гүйцэтгэл зэрэг судалгаанд үндэслэж Эдийн засгийн хөгжлийн яамны төлөвлөсөн тоон үзүүлэлт дээр тулгуурлаж байна.
Хэрэв төсвийн орлого бүрдэхгүй, тасрах эрсдэл үүсвэл Төсвийн хуулиар сан бүрдүүлдэг. Энэ нь тодорхой хэмжээгээр төсвийн орлогыг нөхөх зорилготой.
Ямартай ч сүүлийн хоёр жилийг авч үзвэл төсвийн орлого харьцангуй өндөр гарч, төлөвлөснөөс давж биелсэн байна.
ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТӨД НӨЛӨӨЛӨХҮЙЦ ЭРСДЭЛ ХАРАГДАХГҮЙ БАЙНА
Засгийн газрын Тэргүүн шадар сайд бөгөөд эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр: Эдийн засгийн өсөлт 5.6 хувьд хадгалагдана. Энэ зураг тодорхой. Экспортын орлого энэ оны наймдугаар сарын байдлаар 10 тэрбум ам.доллар давсан. Оны эцсээр 16.7 тэрбум ам.доллар байх нь тодорхой харагдаж буй. Яагаад гэвэл,
Нэгт, нүүрсний борлуулалт тасралтгүй үргэлжилнэ. Хэдий үнэ буурч байгаа ч бидний тооцоолсон үнийн түвшинд байгааг ойлгох хэрэгтэй.
Хоёрт: энэ жил нүүрсний экспортын хэмжээ 78 сая тоннд хүрнэ. Одоогийн байдлаар 60 сая тонн нүүрс экспортлоод байна. Иймээс үлдэж буй гурван сар хагасын хугацаанд 78 сая тоннд хүрэх төлөв харагдаж буй.
Гадаад орчинд: АНУ-ын Төвбанк хүүгээ бууруулсан нь санхүүгийн зах зээлийг сэргээж, индексүүд өссөн. Үүнтэй уялдуулан Хятад бодлогын хүүгээ бууруулж, орон сууцны хөнгөлөлттэй зээлд асар том хөрөнгө оруулах шийдвэр гаргалаа. Энэ нь гангийн үйлдвэр, эрчим хүчний хэрэглээ нэмэгдэнэ гэсэн дохио. Мөн Японд иений ханш чангарч байна.
Нэг үгээр хэлбэл, АНУ, Хятад, Япон зэрэг манай улсын нүүрс, зэс, алтанд нөлөөлдөг дэлхийн зах зээл тогтворжиж, цар тахлын дарах хөөсийн ард гарч чадлаа гэж харж байна. Хөөс хагарсан тул бидний болгоомжиж буй төсвийн төлөвлөлтөд нөлөөлөхүйц эрсдэл харагдахгүй байна.
Хамгийн гол нь хил гаалийн үйл ажиллагаа ил тод явах хэрэгтэй.
Нөгөөтэйгүүр, бид хөрөнгийн биржээр дамжуулж уул уурхайн бүтээгдэхүүнийг арилжаалж буй бодлогоо тогтвортой үргэлжлүүлэх хэрэгтэй. Тиймээс бид валютын нөөцийг нэмэгдүүлэх зөвлөлийг ойрын өдрүүдэд хийнэ. Энэ бол маш тодорхой шийдлүүдийг гаргана. Валютын нөөцийг 4.5 тэрбум ам.долларт хадгалах боломжийг цаашид барина.
БИД ХҮССЭН ХҮСЭЭГҮЙ ХЯТАД, ОРОС 2 ХӨРШӨӨС ШАЛТГААЛСАН ЭДИЙН ЗАСГИЙН ЭРСДЛИЙГ ХАРАХ ЁСТОЙ
Эдийн засагч Б.Лакшми: Төсвийн орлогыг өөдрөг төсөөлдөг нь ирэх оны төсөвт ч анхаарал татаж байна. Ирэх оны төсвийг төлөвлөхдөө бид хүссэн хүсээгүй урд, хойд хоёр хөршийн эдийн засгийн төлөвийг харах шаардлагатай. Олон улсын байгууллагуудын судалгаагаар, Хятадын эдийн засаг ирэх жил 4.5-5 хувьтай өсөх хандлагатай байна.
Сүүлийн 3 улирал дараалан БНХАУ-ын эдийн засаг буурсан үзүүлэлттэй байна. Тиймээс уул уурхайн бүтээгдэхүүний гол түүхий эдээ тус улс руу экспортолж буй манай улсын хувьд анхаарал хандуулах шаардлагатай.
Мөн ОХУ-ын тухайд бид эрчим хүч, шатахууны хамааралтай. Тус улс Украинтай дайны нөхцөл байдалтай байгаа нь магадгүй манай улс эрчим хүч тасалдах, шатахууны нөхцөл хомсдолд орох эрсдэлд байгаа эсэхийг харах хэрэгтэй. Хэдий урьдчилж шууд хэлж болохгүй ч ямар нөлөө үзүүлэх вэ гэх эрсдлээ тооцсон алхамууд хийх нь зүйтэй байх. Магадгүй төсвийн орлого тасалдсан тохиолдолд бид томоохон төслүүдийг гадаад хөрөнгө оруулалтаар татах боломжуудаа сайн харах нь зүйтэй болов уу.
ТӨСВИЙН ОРЛОГЫГ ХЭТ ӨӨДРӨГӨӨР ТӨСӨӨЛЖ БАЙНА
Нээлттэй нийгэм форумын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Оюунбадам: Төсвийн орлогыг өөдрөгөөр төсөөлсөн байна. Гэтэл эдийн засгийн өсөлт 8 хувьд хүрэх үү, үгүй юу гэдэг нь эргэлзээтэй. Манай улсын хувьд уул уурхайн бүтээгдэхүүний экспортоос шууд хамааралтай. Тиймээс бид төсвийн алдагдлыг 1.9 их наяд гэж тусгасан бол бууруулах хэрэгтэй гэж үзэж байна. Гэтэл 2025 онд зээлийн хүүгийн үйлчилгээний төлбөрт 1.3 их наяд төгрөг төлөхөөр тусгасан байгаа шүү дээ. Ийм их хэмжээний зээлийн үйлчилгээний төлбөр төлөх, дараа дараагийн бондын өр төлбөр хүлээгдэж буй нөхцөлд төсвийн алдагдлыг бууруулах хэрэгтэй байна. Энэ үүднээс төсөвт тусгасан хөрөнгө оруулалтын төслүүдээ дахин эрэмбэлэх шаардлагатай байх гэж харж байна.
ИРЭХ ОНЫ ТӨСВИЙГ 60 ХУВИАР ТЭЛСЭН НЬ ОРЛОГО ТАСРАХ НӨХЦӨЛД ӨНДӨР ЭРСДЭЛ БОЛНО
Банк санхүүгийн академийн захирал Г.Бумчимэг:2022 оны төсөвтэй харьцуулахад 2025 оны төсөв 60 хувиар тэлсэн. Энэ бол орлого тасрах нөхцөлд маш өндөр эрсдэл болно. Өнөөдөр эрчим хүчний тасалдал үүсэхээс сэргийлж авч хэрэгжүүлж буй арга хэмжээтэй адил орлого тасрахад ямар арга хэмжээ авах вэ гэдгийг ярилцмаар байна.
Жишээ нь, мега төслүүдийн тухайд хэрэгжих боломжтой эсхүл хэрэгжих боломжгүйг нь тодорхой ярих ёстой. Гэтэл бүх төслийг хэрэгжүүлэхээр төсөвт тусгаж байгаа нь эрсдлээ бага үнэлж байна уу гэж харж байна.
Ер нь төсвийн орлого тасрах нөхцөлд хөрөнгө оруулалт хийж байсныг зогсоодог, зураг төслөө гаргаж байшингийн суурийг нь тавьчихаад зогсоодог. Тэгэхээр энэ бол маш том зардал. Өмнөх байшингаа барьж дуусаагүй байхад л зээлийнхээ хүүг төлнө гэсэн үг.
Тэгэхээр энэ бол маш их зардал мөнгө болно. Үүнийг бизнеси, хувь хүнч бас мөнгөө төлөвлөж зээл авч, чадахгүй бол эрсдлээ тооцох ёстой. Энэ хэсэгт тодорхой тайлбар алга. Жишээ нь цалинг өндөр нэмсэн. 2025 онд 2023 онтой харьцуулахад 1.7 дахин их цалинтай болж байна. Жил бүр цалинг нэмэх, хөрөнгө оруулалтын зардлыг хийх мөнгө нь баталгаатай юу. Хэрэв баталгаагүй бол хөрөнгө оруулалтаа зогсоох уу. Ажилчдаа цөөлөх үү гэдэг нь тодорхойгүй. Энэ бол бага мөнгө яриагүй, 60 хувь өссөн мөнгө ярьж байгаа. Тэгэхээр үүн дээр тооцоолол хэрэгтэй байна гэлээ.