Ирэх оны төсвийн төсөлд орлогыг 33.9 их наяд, зардлыг 35.8 их наяд төгрөг байхаар төлөвлөсөн билээ. Гэвч эдийн засагчдын зүгээс Засгийн газар ирэх оны төсвийн төслийг хэт өөдрөгөөр төсөөлж боловсруулсан нь дотоодын эдийн засагт "шок" үүсгэх эрсдэлийг дагуулж байгаа талаар байр сууриа илэрхийлж буй.
Мөн ирэх онд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг оновчтой эрэмбэлж чадаагүйгээс зарим чухал төслүүд орхигдож байгаа аж. Тухайлбал, Хавдрын хоёрдугаар төв эмнэлгийг барих санхүүжилтийг ирэх оны төсөвт суулгаагүй байна. Эрүүл мэндийн сайдын мэдээллээр тус эмнэлгийн зураг төсөл эцэслэгдэж гараагүйгээс үүдэн хэдий хэмжээний зардал гарах тооцоолол байхгүй учраас ирэх оны төсөвт уг эмнэлгийг барих санхүүжилтийг тусгаагүй хэмээн мэдэгдсэн юм.