Ж.Дэлгэрсайхан: Эдийн засаг өсөхгүй бол цалин, тэтгэвэр нэмэх нэрлэсэн том зардал хувийн хэвшил, төсөвт дарамт болно

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
22 минут 18 секунд

Ирэх сард хуралдах УИХ-ын намрын ээлжит чуулганаар нэн тэргүүнд хэлэлцэх асуудлын нэг 2025 оны төсвийн тухай хууль. Ирэх жил бид 83.3 сая тонн нүүрс экспортолж, 33.9 их наядын орлого олох бол зардал 35.8 их наяд байхаар төлөвлөж байна. Удахгүй хэлэлцэх 2025 оны төсөв болон 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэлд өөрчлөлт оруулаx тухай хуулийн төсөлд Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс гаргасан дүгнэлттэй холбогдуулан эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай ярилцлаа.

-Бид удахгүй ирэх оны төсвөө батлах гэж байна. УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх 2025 оны төсвийн тухай хууль, төсвийн хүрээний мэдэгдэлтэй холбоотой Төсвийн тогтвортой байдлын зөвлөл дүнэлтээ гаргажээ. Хэд хэдэн анхаарал татах зөвлөмж тусгасны дотор хос алдагдлын мөчлөгт эдийн засгийг оруулж болзошгүй гэж анхааруулсан байна. Юуны өмнө энэ талаар хоёулаа ярилцлагаа эхлүүлье?

-Монгол Улсын эдийн засгийг өнгөрсөн 30 гаруй жил тоймтой хөгжүүлж чадаагүй. Энэ хугацаанд алдаа, дутагдлаа эргэж харах нь зүйтэй байх. Харин өнөөдөр Монгол Улсын төсвийн бодлогыг эерэгээр харж байна. Эвслийн Засгийн газрын зүгээс хурдтай хөгжлийг бий болгохоор томоохон төсвийн тэлэлтийг хөгжлийн хөрөнгө оруулалт хийх зорилтыг нэлээн зоригтой дэвшүүлж байна. Ийм шаардлага манай улсад бий. Гэхдээ үүнийгээ бид макро эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан харьцангуй эрсдлээ харж тооцох нь зүйтэй болов уу. Төсвийг хүчтэй тэлж байгаа нь өнгөрсөн хавар баталсан Төсвийн хүрээний дунд хугацааны мэдэгдлээс давсан, сар гаруйн өмнө баталсан 2024, 2025, 2026 оны хамруулсан Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн зарлагын тоо баримт нэлээн хүчтэй тэлж, 36 орчим их наяд төгрөг рүү дөхсөн төсөв болж байна. Энэ нь дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь аль хэдийнэ 37 хувийг давсан. Ийм их хэмжээний хөрөнгө оруулалтууд хийх төсвийн зарлага болон урсгал зардлуудыг тэлж байгаа нь ирээдүйд эрсдэл авчирч болзошгүй.

-Ер нь жил бүр төсвийг өөдрөгөөр тусгаж өндөр зарлага төсөвлөдөг жишиг ирэх жилийн төсөвт тусгалаа олж байх шиг. 2025 оны төсвийн тухайд нүүрсний экспортын орлого, эдийн засгийн өсөлтөд найдаж байгаа бололтой. Эдийн засагчийн хувьд та ямар байр суурьтай байна?

-Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл сайн байгаа нь үнэн. Нүүрсний экспорт нэмэгдсэнтэй холбоотой эдийн засаг тэлж, нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн өссөнтэй холбоотой сүүлийн жилүүдэд төсвийн орлого давж биелж байна. 2023 оны төсөв ашигтай гарсан зэрэг эерэг үзүүлэлтүүд байна.

Ирэх оны төсөвт макро эдийн засгийн бодлогын хувьд урьд өмнө нь тусгаж байгаагүйгээр ард түмний амьдралын чанарыг дээшлүүлэх тухай чиглүүлж байгаа нь зөв. Үүний тулд төсвийг хүчтэй тэлж байгаа юм.

Өмнө нь бид 10 гаруй жилийн турш төлбөрийн тэнцэл, төсөв дээр алдагдалтай ирсэн нь эдийн засагт уршигтай байлаа. Харин сүүлийн хоёр жилийн эдийн засгийн огцом сэргэлтэд эцсийн бүтээгдэхүүнтэй холбоотой төлбөрийн тэнцэл дээрх дарамт буурсан. Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх улсын өр буурсан. Төсвийн алдагдал харьцангуй буурч буй дүр зурагтай ч цаашид ийм хэмжээний тэлэлт нь эрсдлийг авчирч болзошгүй.

-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эдийн засгийн өсөлтийг жил бүр 5-6 хувьтай байх, Монгол Улсын ДНБ-ий орлогыг энэ жил 79 их наяд төгрөг, ирэх онд 95 их наяд байх, цаашлаад 132 их наядын хүлээлттэй байгааг мэдэгдсэн. Гэтэл эдийн засагт эрсдэл үүсэж болзошгүй гэдгийг сануулж байна. Төсвийн тогвортой байдлын зөвлөлийн дүгнэлтээс харахад 2025 онд эдийн засгийн таатай нөхцөл хумигдаж болзошгүйг анхааруулсан байна билээ?

-Монгол Улсын эдийн засгийг 6-8 хувийн өсөлттэй, 4-5 жил дор хаяж үргэлжилбэл нийгэм эдийн засагт тулгамдсан олон асуудлыг шийдэх суурь бүрэлдэх боломжтой гэж хувь хүний хувьд харж байна. Нөгөөталд, эрсдэл бий. Ирэх жилүүдэд эдийн засгийн өсөлт 8 орчим хувийн өндөр өсөлттэй гарах тухайд арай доогуур тоонууд гарч байгааг олон улсын байгууллагууд ч дүгнэж байна. Бидний зүгээс эдийн засгийн өсөлт 6-8 хувийн өндөр өсөлтийг 6 жил хадгалж чадвал төсөвт үүсэх эрсдлүүд бага. Хэрэв нүүрсний экспорт 70-80 сая тонн, цаашид 90, 100 сая тонн хүртэл зорилтод хүрч, үнэ 100 ам.доллараас доош унахгүй бол өнөөдрийн бидний бодож хэрэгжүүлэх гэж буй Засгийн газрын мөрийн хөтөлбөрүүд хэрэгжиж нийгэм эдийн засагт үр дүнгээ авчрах боломжтой.

ЭДИЙН ЗАСАГ ӨСӨХГҮЙ БОЛ ЦАЛИН, ТЭТГЭВЭР НЭМЭХ НЭРЛЭСЭН ТОМ ЗАРДАЛ ХУВИЙН ХЭВШИЛ, ТӨСӨВТ ДАРАМТ БОЛНО

- Тэгвэл төсөв тэлэхийн хэрээр ядуурал буурах боломж хэр байна гэж харж байна?

-Төсөв тэлж болно, төрийн үйлчилгээний чанар сайжирсан, иргэдийн амьдрал сайжирсан байх учиртай. Хоёрт төсөв тэлэхдээ Төсвийн хууль эрхзүйн орчин, төсвийн тогтолцоог эвдэхгүй байх ёстой. Тиймээс төсвийг оруулж ирэх бүртээ дунд хугацааны мэдэгдлээ өөрчилдөг эсвэл хуулиа өөрчилдөг энэ байдлаасаа гарах нь бидний нэн тэргүүний зорилт. Ирэх оны төсөвт макро эдийн засгийн хувьд зөв чиг баримжаатай байна. Ингэхдээ хувийн хэвшлийг дэмжих, иргэдийн амьжиргааг сайжруулахыг тусгасан.

Харин төсвийн тэлэлт тэлэлт, зарцуулалт макро эдийн засагт нийцтэй ямар эерэг нөлөө үзүүлэх вэ гэдэгт анхаарал хандуулах ёстой.

Төсвийн үр дүнг тооцож, төсвийн тайланг хэлэлцэхдээ төсвийн тэлэлт зарцуулалт нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, хөгжлийн бодлого төлөвлөлтөд нийцсэн үү гэдгийг харах ёстой. Мөн төсвийн хэрэгжилтэд Үндэсний аюулгүй байдал, хөгжлийн бодлоготой нийцэж тодорхой үр дүнд хүрсэн үү гэх тогтолцоогоо сайн харах шаардлагатай. Ингэж чадвал бид төсвийн үр ашгийн тухай ярьдаг болно. Тиймээс биш тодорхой ерөнхийлөн захирагч бүрт төсөл хөтөлбөрүүд тавьж тэр бүгд нь үр дүнд хүрнэ гэсэн саланга тусдаа байдлаар асуудлыг харах нь зохицуулалтыг бүрхэгдүүлж байгаа тал ажиглагдаж байна.

- Таны хэлсэнчлэн 2025 оны төсөвт хүний хөгжилд амжиргааг дээшлүүлэхэд цалин тэтгэвэр нэмэгдүүлэх тухай тусгасан. Мөн өнгөрсөн жил цалин, тэтгэврийг нэмэгдүүллээ. Нэг талаараа, цалин тэтгэвэр халамжаар иргэдийн амжиргааг дэмжиж байгаа нь сайн ч нөгөөтэйгүүр “хорлож” байгаа юм бишүү. Нийгмийн даатгалын сангийн асуудал яригдаж эхэллээ, төсвөөс хэтэрсэн дарамт болох вий гэх болгоомжлол ч үүслээ?

-Мэдээж цалин тэтгэврийг нэмэхэд хувийн хэвшлийг чирэгдүүлж буй асуудал үүснэ. Дундаж цалин өсөхөд хувийн хэвшлийнхэн цалингаа өсгөхөөс өөр аргагүй болно. Үүнийг дагаад хэрэглээний бараа үйлчилгээний үнэ, импорт өсч инфляц хөөрөгдөх жишиг бий. Нөгөөтээгүүр, цалин тэтгэвэр тэтгэмжийг нэмэх шаардлага байдаг. Иймээс хувийн хэвшилд сөрөг нөлөөгүй эдийн засагт дарамтгүй байлгах ганц зүйл нь эдийн засгийн тогтвортой байдал.

Бидний ярьж буй эдийн засгийн бодит өсөлтийг бий болгож 6-8 хувьд хадгалж чадах уу, үгүй юу гэх асуудал нь хамгийн гол сорилт болж байна.

Хэрэв цалин тэтгэвэр нэмэх тухай нэрлэсэн том зардал төсөвт тусгачихаад эдийн засаг өсөхгүй бол хувийн хэвшил, төсөвт ч дарамт болно. Эдийн засагтаа ч эргээд сөрөг нөлөөтэй. Энэ тохиолдолд том эрсдэл үүсэж болзошгүй.

ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙГ ХАДГАЛЖ ЧАДАХГҮЙ БОЛ ТӨСВИЙН ХЭТ ТЭЛЭЛТИЙН ТӨЛӨӨС НЬ ӨНДӨР БАЙНА

- Магадгүй эдийн засагт үүсэх эрсдэл Хятадаас шууд хамаарах байх. Урд хөршид эдийн засаг саарч, нүүрсний үнэ буурч байгаа өнөөгийн нөхцөлд бид экспортыг 111 сая тонн хүртэл төсөөлж байгаа нь хэр бодит төсөөлөл вэ. Нүүрсний орлогоос хамаарч төлбөрийн тэнцэл, төсвийн зардал, төсөл хөтөлбөрүүдийг хөдөлгөх эсэх яригдана шүү дээ?

-Ерөнхийдөө нүүрсний экспортоос шалтгаалсан эдийн засаг тэлж байгааг бид бүгд л мэднэ. Хятадын тухайд стратегийн хувьд бид болгоомжлох ёстой. Өнөөдрийн бодит эрсдэл бол дэлхийн эдийн засгийн томоохон хэмжээний эрсдлүүд, геополитикийн маргаантай нөхцөл байдал. Үүнтэй холбоотой нүүрс, зэсийн үнийн хувьд харьцангуй дарамт ирж болзошгүй. Ялангуяа нүүрсний хувьд үнэ унаж болзошгүй гэдийг судалгааны олон байгууллага төдийгүй олон улс ч хэлж сануулж байна. Дээр нь Хятадын эдийн засаг 5 орчим хувьтай, үүнээс доогуур байх таамаглал ч байна. Өмнөд хөршийн хувьд нүүрсний хэрэглээ харьцангуй буурах магадлал байна. Энэ нь нүүрсний зах зээлийн нийт эрэлтэд нөлөөлөх юм. Ингэснээр нүүрсний үнэ буурч болзошгүй асуудлууд бий. Хэдий эрсдэлтэй ч өнөөдрийн төсөвт тусгаад буй хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөрүүдийг үгүйсгэхгүй. Хэрэв бидний харж байгаагаар эерэг талаасаа, төсөвт тусгаснаар хөгжлийн томоохон төслүүд, нүүрсний экспорт, төсвийн орлого зэрэг огцом эрсдэл, зоригтой төсвийн төлөвлөлт хийх боломжтой. Хийх ч шаардлагатай.

Эсрэгээрээ муугаар харж буй эрсдлүүд үүсвэл төлөөс нь яах аргагүй том байх магадлалтай. Энэ бол бидний 2014-2016 он хүртэл харж туулсан эдийн засгийн хямрал шүү дээ. Төсвөө хумиад, төсвөө хязгаарлаад дийлээгүй. Бид деполтод орох шахсан.

Зөвхөн цөөн зүйлд тулгуурласан орлоготой улсуудын хувьд эрсдэл өндөр байдаг гэдгийг бид аль аль талдаа л мэднэ. Тэгэхээр эерэгээр бус сөрөг тал нь үүсвэл нүүрсний үнэ, экспортын гарц буурах тохиолдолд төсвийн тэлэлтийг бид санхүүжүүлэх боломж хязгаарлагдаж эрсдэл үүснэ. Ийм тохиолдолд томоохон хэмжээний санхүүгийн хүндрэлд бид өөрсдөө орж болзошгүй нөхцөл байдалд орж болох юм. Энэ талаас л харж байгаа юм.

Магадгүй нүүрсний экспорт 80-100 сая тоннд хүрч, үнэ н100 ам.доллараас доош орохгүй бол бид өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдлыг хэвээр хадгалж чадна. Засгийн газрын зүгээс яг л энэ байдлаар харж байгаа.

-Сангийн яам 2025 оны төсвийг боловсруулахдаа нүүрсний экспортыг 83.3 сая тоннд хүргэх төсөөлөл нь хамгийн муу хувилбарыг нь тооцож гаргасан гэх тайлбарыг өгч байсан. Гэхдээ та яриандаа нүүрсний экспорт 80 сая тоннд хүрч чадахгүй бол төлөөс нь маш өндөр гэж. Өмнө нь ч энэ тухай та сануулсаар байсан. Хэрэв төсвийн орлого бүрдэхгүй тохиолдолд иргэдэд ямар байдлаар дарамт нь мэдрэгдэх вэ. Магадгүй цалин тэтгэвэр тасалдахаар уу?

-Сангийн яамны зүгээс эрсдлийг тооцдог, төсвийн гүйцэтгэлийн баримтаас ч та бүхэн харж болно. Сангийн яам бол хоёр том зорилтын хажууд бий. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Монгол Улсын хөгжлийн бодлого төлөвлөлтийг хэрэгжүүлэх тэр зорилтыг нэгдүгээр тавьж эрсдлийг харгалзсан байдлаар хандаж байна гэж ойлгож байгаа. Бидний зүгээс төсвийг тогтвортой байлгах муу хувилбарыг тооцож, муу хувилбар гарч ирсэн тохиолдолд Монгол Улсын төсөв, эдийн засгийн нөхцөл байдлыг эрсдэлд оруулахгүй гэх өнцгөөс харж байгаагаараа харьцангуй ялгаатай байх магадлалтай. Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн үндсэн зорилго нь Монгол Улсын төсвийн тогтолцоо, Монгол Улсын төсвийн бодлогыг тогтвортой байлгах тэр чиг хүрээнд тогтвортой байдлыг хангуулах чиг үүргийг хуулиараа хүлээх байгууллага.

Хэрэв муу нөхцөл байдалд хүрлээ гэхэд цалин тэтгэвэр тэтгэмжээс илүү Монгол Улсын хөгжлийн томоохон төслүүдийг санхүүжүүлэх боломж нь хязгаарлагдаж эхлэх нь хамгийн эхний нөлөөлөл байж болно.

Өнөөдөр төсвийн хувьд сайжирч буй зүйлс байна. Төсвийн хөрөнгө оруулалтын чиглэл, бодлого сайжирч байна. Байшин барилга гэх мэт хэт хатуу дэд бүтэц рүү хөрөнгө оруулалт хийхээс татгалзаж энэ жилийн хувьд хөгжлийн хөрөнгө оруулалт зам, дэд бүтэц, эрчим хүч рүү илүү их анхаарсан сайн талууд байна. Эерэг талаас нь харвал энэ нь биелбэл Монгол Улсад хэрэгтэй. Гэхдээ нөгөөталд, сөрөг эрсдэл бидний харж байгаа шиг тохиовол зайлшгүй зардал гарах нь ойлгомжтой. Даамжирвал, цалин тэтгэвэр тэтгэмжийг санхүүжүүлэх асуудал төсвийн урсгал зардал руу л орно.

ӨРИЙГ ӨРӨӨР САНХҮҮЖҮҮЛЭХ НӨХЦӨЛ БАЙДЛЫГ ХАРЬЦАНГУЙ СААРМАГЖУУЛАХ БОДЛОГО БАРИХ НЬ ДУНД ХУГАЦААНД ОНОВЧТОЙ

-Ялангуяа 14 мега төслийг дан улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх боломжгүй. Иймд төр хувийн хэвшил хамтрах, гадаадын хөрөнгө оруулалт татах тухай яригдаж байна. Гэхдээ Үндэсний баялгийн сангийн хуримтлалаар томоохон төслүүдийг санхүүжүүлэх нь урт хугацаанд үр өгөөжөө өгнө гэдгийг та зөвлөж байсан удаатай. Энэ нь хэр боломжтой вэ?

-Бидний гол бодлого л энэ. Үнэхээр Монгол Улсын эдийн засаг тэлж байгаа нь үнэн. Төсвийн орлого, татварын орлого нэмэгдэж төлбөрийн тэнцэл ашигтай гарч валютын нөөц 5 тэрбум ам.доллар давсан. Иймээс Олон улсын үнэлгээний “Fitch Ratings” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B” байснаас “B+” түвшинд хүргэж сайжруулсан зэрэг сайн тал олон бий. Өнөөдрийн нөхцөл байдал макро эдийн засгийн ерөнхий агуулгаараа сайн байна. Тийм учраас өнөөгийн нөхцөлд төсвийн орлого үнэхээр сайн байгаа нь үнэн бол бид хөгжлийн томоохон төслүүдийг гадаадын зээл тусламжаас илүү өнгөрсөн хавар батлагдсан Баялгийн сангийн хуулиар Үндэсний баялгийн санд хөрөнгө хуримтлуулах, ирээдүйд хөгжлийн төслүүдээ санхүүжүүлэх нь үүсэх эрсдлийг илүү бууруулж, ирээдүйдээ илүү үр ашигтай санхүүгийн сонголтын боломж нь илүү сайн байх боломжтой. Одоо ч хуримтлалын сангуудад тодорхой хэмжээний хуримтлал үүссэн байгаа. Тэгэхээр үүгээр илүү санхүүжүүлэх ёстой. Угаасаа таны хэлсэнчлэн хөгжлийн хөрөнгө оруулалтын дийлэнх нь төсвийн гадуур байгаа. Үүнийг төр хувийн хэвшлийн түншлэл, гадаадын зээл тусламж гэсэн санхүүжилтийг ашиглах төлөвтэй байгаа.

Бидний хувьд зээлжих зэрэглэл өсч байна, дунд орлоготой орнуудын хувьд харьцангуй орлогын түвшин өндөр байгаа нь арилжааны зээлүүдийг илүү ашиглах магадлал руу л цаашид түлхэнэ. Хөнгөлөлттэй зээл тусламжийн боломж нь хэр байгаа вэ гэдэг асуудлыг бодох хэрэгтэй. Тэгэхээр энэ их төсвийн тэлэлтийг дагаад өр өснө.

Энэ өрийг өрөөр санхүүжүүлэх нөхцөл байдлыг харьцангуй саармагжуулах бодлого барих нь дунд хугацаанд харьцангуй оновчтой юм. Харин маргаашийн тухайд, Монгол Улс иргэдийн амжиргааг сайжруулах, ядуурлаас гаргах томоохон зорилтууд бидний өмнө байх ёстой. Энэ ч үүднээс төсвийн бодлогод тусгасныг дээр дурдлаа.

БАЙГАЛИЙН ХИЙН ХООЛОЙН ТӨСӨЛ МОНГОЛД АШИГГҮЙ

- Бидний мэдэхээр олон жил төр хувийн хэвшлэлийн түншлэл яригдаж байна. Төрөөс хувийн хэвшлийг дэмжих тухай сүүлдээ уриан лоозонгийн шинжтэй болж эсрэгээрээ төр данхайж байна. Саяхан Шадарсайд С.Амарсайхан арилжааны банк оруулж ирэх тухай ярьсан нь нэлээн анхаарал татлаа. Угтаа бол банк санхүүгийн салбарт төр шууд оролцох нь зохисгүй. Энэ ч үүднээс хувийн хэвшилд хөндлөнгөөс шууд оролцлоо гэх шүүмжлэл ч дагууллаа. Энэ тухайд та ямар байр суурьтай байна?

- Төсвийн хөрөнгө оруулалтын хувьд үйлдвэр барих, орон сууц барих зэрэг хувийн хэвшлийн хийж чадах зүйлийг төр төсөвтөө тусгах төсвөөр дамжуулан хэрэгжүүлэхийг зорих нь төсвийн хөрөнгө оруулалт, олон улсын хандлагаас ч бага зэрэг зөрнө. Тийм учраас үүн дээр нэн тэргүүнд анхаарах ёстой. Хоёрт, төр огцом хууль эрхзүйн орчин, бодлого, сайн дэд бүтцээр хангахад л эдийн засаг өөрөө тэлэх учиртай. Иймээс төрийн оролцоо гэдэг зүйлийг бодлогын дэд бүтцийн дэмжлэг гадаад харилцаа бусад дэмжлэгүүдээр хязгаарлах нь зүйтэй. Тиймээс биш хувийн хэвшил хийж чадах бүх зүйл рүү төр орох гэж буй зүйлийг хязгаарлах ёстой. Таны асуусанчлан банкны салбарын тухайд Монгол банкны ерөнхийлөгчийг УИХ томилдог ч төв банкны тухай хуулиар бие даасан хараат бус институт. Тэгэхээр төрийн чиг үүргээс мөнгөний бодлого тусдаа байдаг. Бодлогыг нь УИХ баталж өгдөг.

Банкны үйл ажиллагаагаар тодорхой субьект оролцох нь сайн зүйл биш. Засгийн газрын зүгээс аль нэг улсын банк оруулж ирэх тухай, мөнгөний бодлогын хүүг бууруулах тухай үүрэг чиглэл өгөх нь боломжгүй.

ОХУ-тай холбоотой асуудалд төлбөрийн хүндрэл гарч байгааг шадар сайд тайлбарлаж байсан. Гэхдээ банкны салбарын дотоод зүйл рүү оролцох нь сайн зүйл биш.

-Ярилцлагын төгсгөлд асуухад Монголоор дамжуулах байгалийн хийн хоолойн төсөл дахин яригдаж байна. Энэ тухайд та ямар байр суурьтай байна. Хийн хоолой манай улсад эдийн засгийн хувьд өгөөж өндөртэй гэх. Нөгөөтэйгүүр, Үндэсний аюулгүй байдалд нөлөөлнө гэх шүүмжлэл ч дагуулсаар ирсэн. Эдийн засгийн хувьд үнэхээр ашигтай юу, манай улсын эдийн засгийг тэлэх гарц мөн үү?

- Хувь хүний байр сууриа илэрхийлэхэд дэлхий нийтийн геополитикийн хуваагдал дахин явагдаж байна. 1990 оноос хойш харьцангуй тогтвортой байсан нөхцөл байдал эргээд хоёр туйлтай болж эхэлж байна. Геополитикийн нөлөө, үйл явц ч бас удаан үргэлжлэхээр байна. Тэгэхээр Монгол Улс геополитикийн маргааны хувьд төвийг сахисан хэн нэгнийг дэмжсэн бус байр суурьтай байх нь хамгийн тохиромжтой. Байгалийн хий хоолой бол Монгол Улсын эдийн засаг, Үндэсний аюулгүй байдалтай холбоотой учраас үндэсний язгуур эрх ашигаа харсан байр суурьтай байх ёстой. Би Оросын хэвлэлд ярилцлага өгөхдөө ч дурдаж байсан, эдийн засгийн хувьд байгалийн хий хоолой бол Монголд өгөөж багатай. Тийм ч ашигтай биш.

ТАНИЛЦ: УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн Хууль зүйн бодлогын зөвлөхүүд
ТАНИЛЦ: УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн Хууль зүйн бодлогын зөвлөхүүд
 
Сэтгүүлч Э.Ганхуягийн амийг хөнөөсөн согтуу жолоочийн хэргийн урьдчилсан шатны хэлэлцүүлэг маргааш 09:00 цагт болно
Сэтгүүлч Э.Ганхуягийн амийг хөнөөсөн согтуу жолоочийн хэргийн урьдчилсан шатны хэлэлцүүлэг маргааш 09:00 цагт болно
Сэтгэгдэл (9)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!