Саяхан Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Улаанбаатар хотыг 14 хот болгоно. Дүүргүүдийг татан буулгана” гэсэн утгатай мэдэгдэл хийсэн. Энэ нь дүүргүүдийг хот болгон томруулах үзэл санаа юм. Үүнтэй зэрэгцэн АН дотор сумдыг татан буулгах, нэгтгэх лобби бүлэг байгуулагдаж эхэлснийг эх сурвалж мэдээлэв. Энэхүү лобби бүлэг удахгүй болох орон нутгийн сонгуулийн дараа 2025 оны төсвийг УИХ-аар хэлэлцэхтэй зэрэгцэн энэ асуудлыг тавихаар тооцоо, судалгаа хийж эхэлжээ.
Энэ намрын чуулганаар АН-ын дарга, Шадар сайд Л.Гантөмөр “Засаг захиргааны шинэчлэлийг ирэх дөрвөн жил чадах чинээгээрээ урагшлуулна. Эдийн засгийн эргэлтэд ордог 90 гаруй сумыг нэрлэсэн байгаа. Энэ сумдыг эдийн засгийн хувьд бие даалгана. Үүнээс үүдэн аль сумыг альтай нь нэгтгэх вэ гэдэг яриа гарна. Механик нэгдэл биш эдийн засгийн хөшүүргээр нэгтгэнэ” гэж байр сууриа илэрхийлсэн. АН-ын даргын энэ үгнээс дүгнэж үзвэл АН эдийн засгийн эргэлт сайтай том сумдыг бодлогоор дэмжиж, жижиг сумдыг уусгах бодлого баримтлах бололтой. Бүр эдийн засгийн агуулгаар нь үзвэл 90 сайн сум бий гэсэн бол үлдсэн 200 гаруйг нь татан буулгах нь ч гэж механикаар ойлгож болохоор харагдаж байна.
Үүнээс гадна Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны сайд, УИХ-ын гишүүн Ц.Баатархүү “Үнэндээ бол 100 жил хийж байгаа сумд ойгоо хийж байгаа боловч хөгжил дэвшлийг нь хэмжээд үзэхэд хэцүү байна. Сумын дарга гээд ганц хүнтэй, сургуультай төсвөөс хараат сумууд байна. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, тулгуурлах ёстой” гэсэн бол УИХ-ын гишүүн Б.Жаргалан “Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт засаг захиргааны нэгжийг нэг мөр оруулж ирэх ёстой байсан. Засаг ийм зүйлийг оруулж ирээгүй. Улс төрийн эр зориг, өргөн хэмжээний хэлэлцүүлэг хэрэгтэй” гэж байр сууриа илэрхийлсэн. Мөн УИХ-ын гишүүн Ж.Баярмаа “100 жил болсон сумд модон жорлонтойгоо байна. Халуун усгүй байна. Усанд орох газаргүй байна. Дотуур байр боловсон нойлгүй байна. Ийм байна гэдэг бол үнэхээрийн гамшиг. Суманд соёлын төв, иргэдэд мэдээлэл олгох барилгын төсөв их байна. Онцын шаардлага байхгүй. Мэдээллээр хангах төв сумдад хэрэггүй. 2000 хүнтэй жижиг сумд их байна. Монгол цахим үндэстэн болж байгаа. Ийм нөхцөлд, мэдээлэл дамжуулахад барилга, ажиллах хүний хэрэг байхгүй болно, Цахимаар шийдэж болно” хэмээн үзэл бодлоо илэрхийлсэн. Энэ бүхнээс дүгнэж үзвэл АН-ынхан сумдыг нэгтгэх талаар шуурхайлж эхэлсэн бололтой байна.
Тиймээс АН дотор сумдыг нэгтгэх, тооцоо судалгаа хийх лобби бүлэг ажиллаж эхэлсэн гэж саарал ордноор яригдаж эхлэв. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол Монголын 330 сум байгаагаас 100 орчим сумыг шууд татан буулгах талаар ярьж эхэлсэн байна. Ингэхдээ хэд хэдэн зүйлийг үндэслэх аж.
- 2000-аас доош хүн амтай сумдыг нэгтгэнэ
- Аймгийн төвөөс 45 км доторх сумдыг татан буулгана. Аймгийн төвтэй нэгтгэнэ
- Хилийн сумдыг хэвээр үлдээнэ
- Хоорондоо 40 км доторх сумдыг нэгтгэнэ
- Эдийн засгийн чадамжгүй, татаас авдаг сумдыг татан буулгана. Орлого олдоггүй сумдыг эдийн засгийн агуулгаар нэгтгэнэ
- Нэг аймгийн сумыг нөгөө аймгийн сумтай нэгтгэхгүй. Газар нутгийн маргаан гарна. Аймаг дотор нь асуудлыг ярина.
- Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай нийцүүлнэ
- Газар зүйн бүсүүдийг харгалзан үзнэ. Говь, хангай, тал хээр гэх мэт
- Ястан угсаатныг харгалзан үзнэ
- Сумдыг эдийн засгийн хувьд бие даалгах, төсвөөс татаас авдаггүй болгох зорилтод тулгуурлана гэх мэт зүйлийг нэгтгэх, татан буулгах үзэл санаандаа ашиглаж байгаа аж.
Одоогийн байдлаар хамгийн олон сумтай аймаг бол Төв аймаг юм. Төв аймгийн 27 сумыг 17 болгон бууруулах боломжтой гэсэн байна. Үүний дараа Завхан 24 сумаараа жагсдаг аж. Завханы 24 сумыг 14 болгоход хангалттай гэсэн зургийг АН гаргасан байна. Энэ мэтээр сумдын тоог бууруулахад төсвийг ихээхэн хэмнэнэ гэж үзэж байгаа аж. Нэг суманд дунджаар 100-200 төрийн албан хаагч ажилладаг. Тэдгээрийн цалинг дундажаар тооцоолоход төсөв нилээд данхайдаг аж. Энэ бүхэн дээр сумдын үйл ажиллагааны урсгал зардал гэж бүр том зүйл байдаг гэж АН-ын судлаачид дүгнэж ярих болсон байна.
АН-ын дотор яригдаж байгаа энэхүү санаачилга дэмжигдэх өндөр магадлалтай гэж шинжээчид үзэж байна. Учир нь ингэж үзэх хэд хэдэн үндэслэл байгаа юм.
АН-ын олон гишүүд нэгдвэл залуучууд дэмжих өндөр магадлалтай. Мөн листээр орсон 48 гишүүн дэмжинэ. Дээр нь Улаанбаатар хотоос сонгогдсон 24 гишүүн гар өргөнө. Ингээд бодоход гар өргөх бэлэн 72 гишүүн байна. Дээр нь АН-ын санаачилгыг гартаа авах гишүүдийн тоо нэмэгдэнэ. Ингээд дүгнээд үзвэл асуудал аль хэзээний шийдэгдэх магадлалтайг харуулж байна.
Ийнхүү сүүлийн жилүүдэд яригдсан жижиг сумдыг нэгтгэх бодлого АН-аас гарч, олон гишүүд сонгогдсон энэ парламентын үед бүрэн шийдэгдэж мэдэхээр боллоо.