Үндэсний бөхийн салбар хорооноос Үндэсний Их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд шөвгөрсөн 16 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариуг зарлалаа.
-БӨХЧҮҮД “A” СОРЬЦИЙН ШИНЖИЛГЭЭНИЙХЭЭ ХАРИУГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ БАЙГАА-
Үндэсний бөхийн салбар хорооны дарга Б.Баасандорж: “БНСУ-ын допингийн хяналтын лаборатороос энэ жилийн үндэсний бөхийн барилдаанд шөвгөрсөн 16 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариуг есдүгээр сарын 8-ны өдөр ирүүлсэн. Эдгээр бөхчүүдээс гурван бөхийн асуудлаар шинжилгээний хариу ирсэн. Энэ гурван бөхийг та бүхэнд танилцуулж байна.
Нэгт, үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд зургаа даван шөвгөрсөн улсын харцага Ө.Бат-Оршихын “4407678” дугаартай дээжид дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан, хориглосон жагсаалт 2020-д заасан S1, S4, S5 гэсэн гурван төрлийн бодис илэрсэн.
Хоёрт, хүчит бөхийн барилдаанд найм даван үзүүрлэсэн улсын аварга Н.Батсуурийн “4406049” дугаартай дээжид дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан, хориглосон жагсаалт 2020-д орсон S4 бүлгийн бодис илэрсэн.
Гуравт, хүчит бөхийн барилдаанд зургаа даван шөвгөрсөн, улсын арслан Р.Пүрэвдагвын “4407679” дугаартай дээжид дээжид дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан, хориглосон жагсаалт 2020-д орсон S1, S4 бүлгийн гурван төрлийн бодис илэрсэн байна. Эдгээр бөхчүүд “A” сорьцийн шинжилгээнийхээ хариуг хүлээн зөвшөөрч байгаа тул олон нийтэд мэдээллээ” гэв.
А.Саруулдалай