Дорнод аймгийн Дашбалбар сумын Ерөнхий боловсролын сургуулийн багш ажилтнуудын хөдөлмөрлөх эрх, хөдөлмөрийн харилцаанд дарамт, хүчирхийллээс ангид байх эрхийн хэрэгжилтэд Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүний баталсан удирдамжийн дагуу Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатараар ахлуулсан Комиссын ажлын хэсэг хяналт шалгалт хийж байна.
Ажлын хэсэг удирдамжид заасны дагуу багш, ажилтнуудын хөдөлмөрлөх нөхцөл байдал, ажлын цаг, ачаалал, цалин хөлс, нийгмийн баталгаа, аливаа төрийн дарамт, хүчирхийллээс ангид байх нөхцлийг шалгаж, сургуулийн өдөр тутмын үйл ажиллагааг зохицуулж буй дүрэм, журам хүний эрхийн хэм хэмжээнд нийцэж буй эсэхэд дүн шинжилгээ хийх юм.
Тус сум нь Улаанбаатар хотоос 900 км зайтай алслагдсан, үүнээс шалтгаалан багш, ажилтаны хүний нөөцийн хомсдол үүссэн.
Ерөнхий боловсролын сургууль нь 69 багш, ажилтантай бөгөөд сургуулийн 2 байранд 640 сурагч хичээллэдэг. Ахлах, дунд ангийн сургуулийн байр нь 1978 онд ашиглалтад орж, 2019 онд их засвар хийгдсэн бол бага ангийн сургуулийн барилгыг 2013 онд ашиглалтад оруулж, 2023 онд сумын төсвийн хөрөнгө оруулалтаар их засвар хийжээ.
Гэвч сургуулийн барилга нь өвлийн улиралд дулаан алдагдал ихтэй, хананд цууралт үүссэн учир сурагчид гадуур хувцастай хичээллэдэг талаар захирал Б.Балсанханд тайлбарлав.
Мөн 2016 онд ашиглалтад орсон 100 хүүхдийн багтаамжтай сурагчдын дотуур байранд 2024-2025 оны хичээлийн жилд 120 хүүхэд хамрагдаж байна. Ажлын хэсэгт Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн референт С.Мөнх-Эрдэнэ, ахлах мэргэжилтэн Э.Одбаяр нар ажиллаж байна.