Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Газар хөдлөлтөд “бэлтгэлгүй“ Улаанбаатарт ус, дулаангүй болох аюул ОТОЖ байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
6 минут 48 секунд

“Дулааны шугам” засах нэртэй хэзээ ч дуусдаггүй энэ ажилд хотынхон ч дөжирчээ. Жилийн жилд хавар зун нь халуун ус хязгаарлаж, намар нь зам хааж, нүх ухдаг дүр зураг хэзээний л нүдэнд дасал. Өдийд ч бас засвар үйлчилгээний их ажил өрнөсөөр...

Нийслэлийнхний халуун ус, дулааны хэрэгцээг өнөөдөр 370 гаруй километр үргэлжлэх шугам сүлжээ хангаж байна. Эдгээрийн ихэнх нь 30-60 жилийн насжилттай. Харин “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-иас нийт шугам хоолойны 20 гаруй хувь нь эдэлгээний хугацаа дууссан гэх тайлбарыг өгсөн юм.

Тус газрын Шуурхай удирдлагын албаны дарга М.Ууганбаяр хэлэхдээ “370 км шугам хоолой бүгд хуучирч муудсан гэсэн үг биш. Сүүлийн үед шугам хоолойг эрчимтэй сольж шинэчилснээр 20 гаруй хувь нь олон жилийн насжилттай байгаа юм. Эдэлгээний хугацаа нь дуусч 30-аас илүү жил ашиглагдсан шугам хоолойнуудыг Дэлхийн банк, Европын банкны төслүүдээр үе шаттайгаар шинэчилдэг. Жилд 1-2 километр шугамд засвар хийх, солих зардлын тариф, хөрөнгө оруулалт батлагддаг.

Дулааны шугамын үнэ нэмэгдсэн учраас өнөөдөр нэг километр хүрэхгүй шугам сүлжээг сольж, засвар хийж байна. Гэтэл жилээс жилд шугам хоолойнуудын эдэлгээ нь дуусаж солих шаардлага үүсдэг.

Бид 30 жил болоогүй шугам сольдоггүй. Харин оршин суугчид жил бүр газар ухдаг гэж ойлгодог. Гэтэл бид тухайн шугам сольж, засвар хийсэн газраа хөндөхгүйгээр цааш үргэлжлүүлэн солих ажлыг хийдэг” гэлээ.

Улаанбаатар хотын газар доорх инженерийн шугам сүлжээ найдвартай эсэхээс хамаарч иргэдийн амьдрах орчин, аюулгүй байдал, эрүүл мэнд, эд хөрөнгийн асуудал ч хөндөгдөж байна. “Хагарал” дээр амьдардаг Улаанбаатарт энэ бол чимээгүй “харанга”. Учир нь хотынхон бүхэлдээ газар хөдлөлтийн эрсдэл дунд амьдарч байна.

Муугаар бодоход 7-гоос дээш баллын хүчтэй газар хөдлөлт болбол барилга байгууламжаас гадна олон жилийн насжилттай дулааны шугамууд нь задрахгүй гэх баталгаа байхгүй.

Харин нийслэл байгалийн гамшигт үзэгдэлд хэр бэлтгэлтэй байна вэ. Энэ асуултад М.Ууганбаяр үргэлжлүүлэн тайлбарлахдаа “Дулааны шугам сүлжээ нь зураг төслөөрөө 8-9 баллын газар хөдлөлтөд тэсвэртэй байхаар тусгасан. Үүний дагуу шугам угсрагддаг. 1990 он хүртэл Улаанбаатар хот газар хөдлөлтийн идэвхтэй бүс биш байсан тул 6-7 баллын газар хөдлөлтөд тэсвэртэй байхаар шугам хоолойны ерөнхий зураг төслүүд хийгдэж байсан.

2000 оноос хойш зураг төслийг 8-9 баллын газар хөдлөлтөд тэсвэртэй байхаар тусгасны дагуу шугам хоолойг угсарч байна.

Шугам хоолой дотор 70-150 градусын буцалсан уур дамждаг ч температурын хэлбэлзлээс хамаарч ажилладаг. Иймээс 8-9 баллын газар хөдлөлтийг давна” гэсэн юм.

ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН БАЛЛ, ДАВТАМЖ НЭМЭГДСЭН Ч ТӨВ МАГИСТРАЛ ШУГАМЫН ЭРСДЛИЙН ҮНЭЛГЭЭГ ШИНЭЧЛЭЭГҮЙ ГЭВ ҮҮ

Угтаа бол жилээс жилд газар хөдлөлтийн чичирхийлэл, давтамж нэмэгдсээр байгааг Одон орон геофизикийн хүрээлэнгийн сэрэмжлүүлэг, сануулгыг монголчууд мэдэхгүй биш мэднэ. Харин газар хөдлөлтөөс хол мэт ойлголт хаа хаанаа бий. Нэг үгээр, Улаанбаатарчууд газар хөдлөлтөд бэлтгэлгүй амьдарч байна. Гэтэл албаны хүний хэлснээр бараг 24 гаруй жилийн өмнөх зураг төслөөр шугам хоолойг угсардаг бололтой. Үүнийг лавлахад “Цаашид зураг төсөл нь 10 хүртэл баллын газар хөдлөлтөд тэсвэртэй байхаар тусгагдаж магадгүй. Өнөөдрөөс журам нь гарвал угсрагдаж буй шугам хоолойнуудад нарийн хяналт тавьж болох байх” гэсэн юм.

Хэрэвзээ өнөөдрийн нөхцөлд 9-10 баллын хүчтэй газар хөдлөлт болоход дулааны шугам хоолойнууд улаан гэрэл асч, хотынхон ус, дулаангүй болох эрсдэл ч ойрхон бололтой. Тэр тусмаа, өвлийн нөхцөлд хот бүхэлдээ хөлдөх асуудлууд ч ар араасаа хөвөрнө.

Хэдийгээр жил бүр 1 километр хүрэхгүй хоолойг гадаадын банкны санхүүжилтээр засварлаж байгаа ч энэ хангалттай биш. Төв магистрал шугамд газар хөдлөлтийн эрсдлийн үнэлгээг хийх шаардлагатай болохыг “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-иас тодотгож байв.

Тус газрын гамшгаас хамгаалах албаны мэргэжилтэн М.Мөнхбаяр хэлэхдээ “Улаанбаатар хотод газар хөдлөлтийн чичирхийллийн давтамж, балл нь нэмэгдэж байгаа тул эрсдлийн үнэлгээг хийх шаардлагатай.

Байгалийн давагдашгүй хүчин зүйл гэдэг утгаараа зөвхөн манай байгууллагаар зогсохгүй нийслэлийн хэмжээнд л энэ асуудлыг авч хэлэлцэх шаардлагатай” гэв. Түүний мэдээлснээр эрсдлийн үнэлгээг 2017 онд хийсэн бөгөөд газар хөдлөлтийн эрсдэлд олон жилийн насжилттай дулааны шугам хоолойнууд багтаж байжээ.

БАРИЛГАЖИЛТ ТЭЛЖ ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ ХАМГААЛАЛТЫН ЗУРВАСЫГ ДАВАХ БОЛЖЭЭ

“Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК нь айл өрх, албан байгууллагуудын хэрэглээний халуун ус, дулааныг хариуцдаг. Харин хотын төвд орон сууц, албан байгууллага, сургууль, цэцэрлэг, худалдаа үйлчилгээ бүгд төвлөрхийн хэрээр дулааны шугамыг өртгөх асуудал ч хөндөгдөж буй. Энэ тухайд шинээр баригдаж буй барилгуудын зураг төслүүдтэй уялдан шугам хоолойг шинэчилдэг гэнэ.

Асуудал нь, сүүлийн жилүүдэд барилгажилт тэлэхийн хэрээр шугам сүлжээний хамгаалалтын зурвасыг сүүлийн үед давах болсныг анзаарахгүй орхиж болохгүй юм.

Цаашилбал, энд олон жил амь бөхтэй оршиж зөвшөөрөлгүй, чанаргүй барилга, нийслэлд бугласан авлигыг 2023 оны үер ил болгосон шиг газар хөдлөлтийн гамшгийн төлөөсийг иргэд эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насаараа үүрэх вий!

ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 17 хэм дулаан
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 17 хэм дулаан
 
Т.Болд УИХ-ын гишүүн Ө.Шижирийг шүүхэд өгнө гэв
Т.Болд УИХ-ын гишүүн Ө.Шижирийг шүүхэд өгнө гэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.