Өнөөдрийн байдлаар нийслэлд 700 мянган машин бүртгэлтэй байна. Түгжрэл дээр нь нэмээд "орк" жолоочдын үйлдэл бусдадаа гай тарина. Товчхондоо өөрөөсөө бусад өрөөлтэй зохицож, нэгдэн нийлж, ойлголцож чадахгүй харанхуй масс Монголоор дүүрэн болжээ. Тэдний үйлдэл ч замын хөдөлгөөн дээр тодорхой харагдана.
Түгжрээд цувж явж ядаж байхад хажуугаар чихнэ. Хурд хэтрүүлнэ. Ногоон гэрлийг үл ажран явган зорчигчдыг шүргэх шахам өнгөрнө.
Энэ мэт үйлдлээс болж 2021 онд улсын хэмжээнд 24.121 осол гарснаас 20.322 нь зөвхөн нийслэлд бүртгэгдсэн байна. Ослын 96.5 хувь буюу 23.277 нь зөвхөн жолоочийн буруутай үйлдэл буюу хоорондын зай тохируулаагүй, уулзвар нэвтрэх журам зөрчих, хурд хэтрүүлсэн, согтуугаар машин барьсан зэргээс болжээ. Мөн 2022 онд нийслэлд жолоочийн буруутай үйлдлээс болж 19.583 осол бүртгэгдсэн байна.
Нөгөө талдаа хариуцлагагүй "орк" жолоочдын улмаас 2016-2022 онд 371 хүүхэд, 2023 онд 43 хүүхэд амиа алджээ.
Тиймээс жолооны курсууд "Жолоочдыг чанартай бэлтгэж чадахгүй байна" гэх асуудал нийгэмд хүчтэй яригдаж байна. Энэ удаа уг сэдвийг хөндлөө.
Өнөөдрийн байдлаар 21 аймаг есөн дүүргийн хэмжээнд 446 жолооны курс үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс Улаанбаатарт 171, орон нутагт 186 байгуулага байгаа бол мэргэшсэн жолооч бэлтгэх сургалтын байгууллага нийслэлд 22, орон нутагт 20 буюу нийт 42 байна.
Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны сургалт, үнэлгээ, судалгааны институт нь жолооны курсуудын зөвшөөрлийг олгодог. Шаардлага хангасан бол зөвшөөрлийг нь эхний удаад нэг, дараа нь хоёр жилээр сунгаад явдаг аж. Тус институт нь мэргэжлийн сургалт буюу богино хугацааны сургалт эрхэлдэг байгууллагуудад тавих стандарт, дүрэм журмын хяналтыг хангуулж ажиллах чиг үүрэгтэй.
Харин жолооны шалгалтын зохион байгуулалтыг ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төв хариуцдаг буюу тухайн суралцагч нь жолооч болоход тэнцэх эсэхийг ЦЕГ-аас шалгаж, үнэмлэх олгодог гэсэн үг.
10-20 жилийн өмнө жолооч болсон хүмүүсээ эргэж сургадаг тогтолцоо байхгүй. Үүнийг эргэж сэргээх саналыг хүргүүлсэн
-ХНХЯ-ны сургалт, үнэлгээ, судалгааны институтийн хүний нөөц ур чадварын сургалт үнэлгэнэий газрын дарга С.Төмөрсүх
-Нийгмийг цочроосон томоохон авто ослын дараа иргэдийн дунд жолооны курсууд чанаргүй, шаардлага хангахгүй газар зөвшөөрөл олголоо гэх хардлага үүсдэг. Гэхдээ үүн дээр хэн нэгнийг буруутгахаас илүү бүх оролцогч талууд хариуцлагатай байх ёстой. Жолоочын хандлага ёс зүй гэдэг нь маш чухал. Жолооны курс хичээл заахдаа та согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож болно гэж хэнд ч заахгүй. Гэтэл иргэд өөрсдийн ухамсаргүй байдлаас болоод осол гаргадаг.
Монгол Улсад 10-20 жилийн өмнө жолооч болсон хүмүүсээ эргэж сургадаг тогтолцоо байхгүй. Үүнийг эргэж сэргээх саналыг замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөл дээр хүргүүлсэн. Яг ямар зохион байгуулалтыг бодлогын түвшинд гаргаж ирэхийг мэдэхгүй байна .
Гэхдээ аваарь осол хийгээд байгаа хүмүүс дандаа л хуучин жолоочид байдаг. 10-20 жилийн өмнө жолооч болсон хүмүүс үнэмлэхийн хугацаа нь 10 жил болоод дуусахаар 12500 төгрөг төлөөд шинэ үнэмлэх захиалаад авчихдаг. Тэгэхээр 10-20 жилийн өмнөх хууль дүрэм журам стандартууд одоо бол өөр болсон шүү дээ. Тиймээс хуучин жолоочдод замын хөдөлгөөний дүрмийг дахин баталж орох ёстой гэж үзсэн. Энэ салбар хувьд шилжээд 30-аад жил болсон. 90 онос хойш гэсэн үг. Энэ олон жил алдаатай оноотой явж ирсэн зүйлүүд бий. Үүнийг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд нэгхэн өдрийн дотор шийдэж чадахгүй. Тиймээс шийдвэрлэх цэгцлэх асуудлуудаа чухлаас нь эрэмбэлж байгаад төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд бид үе шаттайгаар арга хэмжээ авч ажиллаж байна.
2024 оны байдлаар 100 гаруй жолооны курсийн эрхийг түдгэлзүүлжээ
Улаанбаатар хотын хэмжээнд мэргэжлийн дромтой 30-40 жолооны курс бий. Одоогийн байдлаар 171 жолооны курс дромтой байгууллагатай хамтарч ажиллах гэрээ байгуулан сургалт явуулж байна. Өнгөрсөн жил ХНХЯ-ны сургалт, үнэлгээ, судалгааны институт ЦЕГ-ын бүртгэл хяналтын төвтэй хамтраад энэ чиглэлээр шалгалт хийхэд нэг дром дээр 10 гаруй жолооны курс гэрээ байгуулсан байжээ. 10 хэдүүлээ ээлжлээд хувиар гаргасан байсан бөгөөд хувиарынхаа дагуу тухайн суралцагчид дадлагын орчноос мэдлэг ур чадвар эзэмшиж чадаж байгаа эсэх дээр ачаалал цагийг нь тооцож үзэхэд мэдээж хангаж чадахгүй байж.
Тиймээс өөрийн эзэмшлийн дромтой сургалтын байгууллага руу 6-аас дээш байгууллагатай гэрээ байгуулах боломжгүй гэх мэдэгдэл хүргүүлж, улмаар талынх нь гэрээг нь цуцалсан байна.
2024 оны байдлаар 100 гаруй жолооны курсийн эрхийг түдгэлзүүлжээ. Мөн үйл ажиллагаа цуцлагдаж буй газруудын дийлэнх нь жолооны 1-2 багштай байдаг аж.
Хамгийн ууртай жолоочидтой орноор Монгол тодров
Одоогоос таван жилийн өмнө Европын автомотив групп 100 хотоос мэдээлэл цуглуулан, жолоодлогын индекс боловсруулахад хамгийн ууртай, бүдүүлэг жолоочтой хотоор Улаанбаатар тодорсон байдаг. Дан ганц жолоочид гэлтгүй Монголчууд ер нь л ууртай.
Автомашины зогсоол булаацалдаж нэгнээ зодож хөнөөнө, муухай харлаа гэж хоорондоо зодолдоно эсвэл хамт архидаж байгаад муудалцаж нэгнээ гэмтээнэ.
Монголчууд бусдын сэтгэл хөдлөлийг ойлгох эмпати сул
Сэтгэл зүйч Б.Жавзан:
-Монголчууд миний амьдрал нэг хүнээс хамааралтай гэдгийг ерөөсөө ойлгодоггүй. Зүгээр л тал дундуур морьтойгоо давхиж байгаа юм шиг яваад байгаа юм. Суурин соёл иргэншилтэй болно гэдэг бол нэг хүний амьдралаас нөгөө хүний амьдрал салшгүй холбоотой болохыг хэлнэ. Тиймээс бие биедээ сайхан сэтгэлээр хандах, бие биеэ хараад инээмсэглэх, баярлалаа, уучлаарай, та гайхалтай байлаа, үйлчилгээ сайн байлаа гэж хэлж сурах учиртай.
Монголчууд бусдын сэтгэл хөдлөлийг ойлгох эмпати сул. Бие биеэ урамшуулдаггүй, дэмждэггүй. Энэ нь бидний хандлагын хамгийн буруу жишиг. Дэмждэггүйн наад захын жишээг жолоочдын харилцаанаас харж болно. Нэгнээсээ өрсөж, урдуур нь дайрах нь элбэг. Бид бие биеэ урамшуулж байх ёстой. Нийгмийн сэтгэл зүйг анзаарахад урмаар дутдаг, нэлээд ганцаардмал хүмүүс болсон.
Бид яах гэж энэ таван мэдрэхүйгээр оршоод байгаа юм бэ. Аливаа зүйлийн сөргийг нь биш эергийг нь шилж сонгож хар л даа. Хүний анхаарал, танин мэдэх процесс өөрөө шилж сонгох шинж чанартай. Тэр олон шилж сонгох зүйл дотроосоо заавал сөргийг нь битгий шилж хар. Энэ олон объект бүгдээрээ таны хараанд өртөхгүйтэй адил танд зөвхөн шилж сонгогдсон зүйл чинь л харагдана. Тэрийг нь зөв олж харахыг хичээгээд үзээрэй. Иймд сөрөг сэтгэл хөдлөлөө дарж, зөв зүйлээ шилж сонгож харж чадвал сэтгэл зүйн эрүүл мэндэд тустай.
Ослын шалтгаан "Орк" жолооч уу, жолооны курсийн чанар уу ?
Академич, МУИС-ийн профессор С.Нарангэрэл "Өнөөдөр Монголын нийгэмд бүх хүрээнд шударга бус үйлдэл гаарсан. Монголчууд яагаад өөрөө өөрсдийгөө ч танихгүй болтлоо ёс суртахууны хувьд ялзарч, доройтож, буурав гэдэг нь сонин. Үүнийг шинжлэх ухааны үүднээс зайлшгүй тайлбарлах шаардлага гарсан.
Муухайгаар хэлбэл, монголчууд бид энэ хорвоо ертөнцийн хамгийн ёс суртахуунгүй ард түмэн болсон" гэдгийг дурдаж байсан удаатай.