Засгийн газрын хэрэгжүүлж буй “Шинэ хоршоо” хөдөлгөөнөөр дамжуулан энэ оны зургаадугаар сарын байдлаар нийт 16,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл олгожээ. Одоогоор чанаргүй зээлийн асуудал үүсээгүй болохыг Банк санхүүгийн академийн Эдийн засагч Ч.Сосорбарам хэлсэн. Тэрбээр “Хөдөө аж ахуйн салбар өнгөрсөн оны хагас жилээс хойш уналтын шинж тэмдэг илэрч байсан. Улмаар өвөлжилт хүндэрч, хаврын ажлууд удааширсан. Ийм нөхцөлд “Шинэ хоршоо” хөдөлгөөнөөр дамжуулан зээл олгож эхэлсэн. Харьцуулахад, өнгөрсөн оныхоос 30 орчим хувиар илүү зээл олголт хийгдсэн байна.
Бидний харж байгаагаар “Шинэ хоршоо хөдөлгөөн”-өөр дамжуулан арилжааны банкаар зээл олгож байгаа тул одоогоор чанаргүй зээлийн асуудал яригдахад эрт байгаа юм. Магадгүй ирэх жилийн өдийд хөдөө аж ахуйн салбарт чанаргүй зээлийн асуудал хөндөгдөж магадгүй” гэсэн юм.
Тэрбээр өчигдөр Монголын банкны холбоо, Банк санхүүгийн академиас "Банкны салбарын тойм" судалгааны эхний хагас жилийн тайланг танилцуулж, ногоон ногоон санхүүжилт болон цаг үеийн сэдвүүдээр сэтгүүлчидтэй чөлөөт уулзалт хийх үеэр “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг тойрсон асуудлаар тайлбар мэдээлэл өгсөн нь энэ юм.
Малчдыг дэмжих зорилготой “Шинэ хоршоо” хөдөлгөөнтэй холбоотой өнгөрсөн гурав, дөрөвдүгээр сард зээлийн эрэлт хамгийн өндөр байжээ. Энэ нь хөдөө аж ахуйн салбарын идэвхжлийн үетэй холбоотой гэнэ. Харин зургаа болон долоодугаар сард зээлийн эрэлт, олголт буурсан нь энэ салбарын идэвхжил буурсантай холбоотой юм байна.
Сануулахад, “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг өнгөрсөн дөрөвдүгээр сараас албан ёсоор хэрэгжүүлж эхэлсэн юм. Хоршоонд нэгдсэн малчин өрх арилжааны банкнаас жилийн 6 хувийн хүүтэй, 50 сая төгрөгийн зээл авах боломжтой болсон юм. Таван жилийн хугацаанд 5 их наяд төгрөгийн зээлийн хөтөлбөр хэрэгжүүлнэ гэдгээ Засгийн газар мэдэгдсэн билээ.