Цахим сүлжээнд наймдугаар сарын 25-нд ШУТИС-ийн оюутны нэгдүгээр байрны өрөөний обойг нь урсан, үүдний хувцасны шүүгээ нь эвдэрсэн видео нийтлэгдсэн. Тэгвэл энэ асуудлаар ХЭҮК хяналт шалгалт хийжээ.
Энэ талаар ХЭҮК-ын гишүүн Ж.Хунан:
-ШУТИС-ийн оюутны нэгдүгээр байранд хяналт шалгалт хийсэн. Эцсийн дүгнэлт хараахан гараагүй байна. Гэхдээ урьдчилсан байдлаар барилга нь өндөр насжилттай буюу 1986 онд ашиглалтад орсон түүнээс хойш их засвар хийгдээгүй. Өрөө тасалагааны цаас нь урагдаж, хууларсан. Өрөөний сандал ширээ нь эвдрэл, гэмтэл ихтэй. Угаалтуур шаардлага хангахгүй. Жорлонгийн суултуур байхгүй. Усанд орох шүршүүрийн өрөө нь тасалгаагүй голдоо ганц шүршүүртэй.
Халуун усгүй байх жишээний. Өнгөрсөн жил бас халуун усгүй байсан гэж оюутнууд ярьж байсан. Энэ жил бойлуур суурилуулахаар ярьж байгаа юм байна лээ.
Ундны ус хоёрдугаар давхарт чөлөөтэй уухаар байрлуулсан. Уг нь давхар бүрт байрлуулах ёстой. Камерын хяналтгүй талбай ихтэй. Тэнд эрсдэл гарах магадлалтай учраас бүрэн камержуулах ёстой. Ер нь оюутны байранд байх ёстой баримт бичгүүд хангалттай байгаагүй. Хуучин барилга учраас агааржуулалт маш муу. Энэ нь эргээд хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Үндсэндээ уг дотуур байр нь стандартын шаардлага хангаагүй.
Мэргэжлийн байгууллагуудын зүгээс тавьж байгаа хяналт нь маш хангалтгүй. Галын аюулгүй байдал, цахилгаан монтаж нь анх хийсэн тэр хэвээрээ учраас гал гарах, тогонд цохиулах эрсдэлтэй. Эрүүл ахуйн дүгнэлт байхгүй. Сүүлийн хоёр жил хяналт шалгалт хийгдээгүй юм байна лээ. Үндсэндээ эдгээр асуудлуудыг нэн яаралтай шийдвэрлэх шаардлагатай.