Цахим сүлжээнд өчигдөр /2024.08.25/ ШУТИС-ийн оюутны нэгдүгээр байрны өрөөний обойг нь урсан, үүдний хувцасны шүүгээ нь эвдэрсэн видео нийтлэгдсэн.
Бид энэ талаар ШУТИС-ийн оюутны нэгдүгээр байрны эрхлэгч О.Мягмараас тодруулахад "Нэгдүгээр курсийн оюутнууд өрөөний обойны өнгийг солихоор хуулсан байх үед нь зураг дарсан юм байна лээ.
Зарим эцэг эхчүүдийн зүгээс өрөөний обойг нь солиод өгье, маш сайхан болгочихъё манай хүүхдийг дөрвөн жил энэ өрөөнд нь байлгаад өгөөч гэж санал тавьсан. Улмаар гурван өрөөний обойг сольсон.
Манай байрны засвар дууссан. Дөрвөн жил тутамд нэг удаа засвар хийгддэг. Оюутнуудын хувьд сайнтай, муутай. Жилийн төлбөр нь 835 мянган төгрөг. Өрөөгөө цэвэр цэмцгэр ашигладаг хүүхдүүд байхад бохир заваан байх нь ч бий. Бидний үед өрөөгөө яаж цэвэрлэдэг байлаа.Одоогийн залуус цэвэрлэгээ хийх нь тааруу" гэх хариултыг өглөө.
Харин Боловсролын яамнаас "Хоёр тал харилцан тохиролцсон асуудал учраас мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ.