МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл хуралдлаа. Хурлын эхэнд "Парис-2024" зуны олимпын наадамд оролцсон Монголын багийн төв штабын үйл ажиллагаа, зохион байгуулалтын талаарх товч танилцуулгыг хэлэлцлээ. Үүнтэй холбоотой үйл ажиллагааны нэгдсэн тайланг боловсруулж, нээлттэй байдлаар олон нийтэд танилцуулж, холбогдох талуудтай үр дүнгийн талаар хэлэлцэхийг Гүйцэтгэх зөвлөлөөс үүрэг болголоо.
“Парис-2024” олимпын наадамд Монгол Улс спортын 9 төрөлд 32 тамирчнаа илгээж, 1 мөнгөн медальтайгаар багийн дүнгээр 206 орноос 74-р байрт жагссан. МҮОХ-ноос анх удаа санаачлан хэрэгжүүлсэн “Mongolia House” хоёр долоо хоногийн турш үйл ажиллагаа явуулж, нийт 60 мянга гаруй зочдыг хүлээн авсан байна.
Олимпын үеэр МҮОХ-ны сошиал хуудсууд давхардаагүй тоогоор 2.6 сая хүнд мэдээлэл хүргэж, 25 сая гаруй хандалтыг цуглуулжээ.
Мөн МҮОХ-ны үйл ажиллагааг шинэ түвшинд гаргах зорилгоор ажлын албаны бүтцийг шинэчлэх, МҮОХ-ны дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг асуудлыг хэлэлцэн холбогдох Ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэв.
Ажлын хэсэг нь МҮОХ-ны засаглал менежментийг сайжруулах, бодлого болон гүйцэтгэлийн үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулалтаар хангах чиглэлийн хүрээнд төвлөрөн ажиллана. Үүнтэй холбоотойгоор бусад улсын ҮОХ-дын сайн жишээг судлах, бодлогын асуудлыг тусгаарлах байдлаар өдөр тутмын үйл ажиллагааны уялдаа холбоог хангах гүйцэтгэх захирлын орон тоог үүсгэх зэрэг асуудлыг гишүүдийн хуралд танилцуулах юм.