Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр нийслэлийн 2024-2025 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил, боловсролын салбарт хийж байгаа хөрөнгө оруулалтын ажил, ашиглалтад орж амжаагүй байгаа сургууль, цэцэрлэгийн барилга угсралтын ажлын талаар хэлэлцлээ.
Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин “Нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын 51 сургууль 87 цэцэрлэг, 6 спорт заалын барилгын ажил үргэлжилж байна. Зураг төсөлд шинэчлэн магадлал хийлгэсэн, барилгын төсөв нэмэгдсэн зэрэг шалтгааны улмаас 11 цэцэрлэг, 16 сургуулийн барилга угсралтын ажил удаашралтай байна. Сургууль цэцэрлэгийн барилга угсралтын ажилтай холбоотойгоор нийслэлийн таван дүүргийн найман байршилд 44,870м2 газрыг чөлөөлөөд байна” гэв.
Хан-Уул дүүргийн хэмжээнд хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил 90 хувьтай үргэлжилж байна. Энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын 63 сургууль, 141 цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулна. Өнөөдрийн байдлаар улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 10 хороонд 20 сургууль, 14 хороонд 14 цэцэрлэг шинээр баригдаж барилгын ажил үргэлжилж байна.
Харин Чингэлтэй дүүргийн хэмжээнд хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил 90 хувьтай үргэлжилж байна. Энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын 28 сургууль, 48 цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулна. Ирэх 9 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө тавдугаар сургуулийн өргөтгөлийн барилга, 276 дугаар цэцэрлэгийн барилгын ажлыг дуусгаж ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд тусгай хэрэгцээт хүүхдийн цэцэрлэгийг байгуулахаар болсон. Одоогийн байдлаар газар чөлөөлөлтийн ажил үргэлжилж байгааг тус дүүргийн Засаг дарга Б.Мөнхбат хэлж байв.
Сүхбаатар дүүргийн Засаг дарга М.Алтангэрэл “Сүхбаатар дүүргийн хэмжээнд хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил 85 хувьтай үргэлжилж байна. Энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын 51 сургууль, 56 цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулна. Дүүргийн хэмжээнд шинээр гурван сургууль, гурван цэцэрлэг баригдаж байгаа. Сургуулийн барилгын ажил үргэлжилж байгаатай холбогдуулан дөрвөн сургууль гурван ээлжээр хичээллэх төлөвтэй байна. ЕБС-иудад боловсон хүчний асуудал тулгамдаж байгаа бөгөөд багшийн сул орон тоог нөхөж багш ажилд авах ажил үргэлжилж байна” гэв.
“Баянгол дүүргийн хэмжээнд хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил 85 хувьтай үргэлжилж байна. Энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын 49 сургууль, 78 цэцэрлэг үйл ажиллагаа явуулна. 2024 онд багтаж шинээр хоёр сургууль, гурван цэцэрлэг ашиглалтад орно. Дүүргийн хэмжээнд 9 цэцэрлэг, гурван сургууль түрээсийн байранд хичээллэнэ.
Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Б.Хуягбаатар “Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил 60 хувьтай үргэлжилж байна. Дүүргийн хэмжээнд ерөнхий боловсролын 35 сургууль, 117 цэцэрлэг хичээллэнэ. Шинээр долоон сургууль, 12 цэцэрлэг баригдаж байна. Улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт, нэмэлт санхүүжилт болоод газар чөлөөлөлтийн асуудлаас болж зарим хөрөнгө оруулалтын ажлууд удаашралтай явагдаж байна” гэлээ
Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.Жаргалсайхан “Энэ хичээлийн жилд Баянзүрх дүүргийн хэмжээнд 185 цэцэрлэг, ерөнхий боловсролын 70 сургууль хичээллэнэ. Шинээр 17 цэцэрлэг, 5 сургууль баригдаж байна. Сургуулийн 265 автобус хүүхдүүдэд үйлчилнэ. Одоо баригдаж байгаа сургууль, цэцэрлэгийг хурдан хугацаанд ашиглалтад оруулахын тулд нэмэлт санхүүжилтийн асуудал тулгарч байгаа” гэлээ.
Шуурхай зөвлөгөөний үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар сургууль, цэцэрлэгийн барилга угсралтын ажлыг эрчимжүүлж чанар, стандартад онцгой анхаарал хандуулахыг үүрэг болголоо. Мөн тэрбээр дараах үүрэг даалгаврыг холбогдох албаныханд өглөө.
- Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийгдэх боломжтой ажил арга хэмжээг судлах;
- Түүхий эд худалдан авах бүсчлэлийг тогтоож, төлөвлөлт хийх;
- Бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгж байгууллагын ажилтан албан хаагчдын хөдөлмөр аюулгүй байдлыг хангах ажиллах;
- Гадаад, дотоод бондыг нээлттэй болон хаалттайгаар худалдаалах ажлыг эрчимжүүлэх;
- Хөрсний ус зайлуулах шаардлагатай байршлуудыг судалж, тогтоох;
- Явган хүний замын ажлыг эрчимжүүлэх зэрэг үүрэг даалгаврыг өглөө.