Улстөрчдийн рейтингийн судалгааг гаргадаг MEC судалгааны байгууллагаас долоодугаар сарын судалгаагаа олон нийтэд танилцууллаа. Тодруулбал, улс төрийн нам эвсэл, тэдгээрийн үйл ажиллагаа, таалагддаг улс төрчдөөс гадна Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны үнэлгээ чиглэлд гарсан судалгааны дүнг ч багтаасан байх аж.
Тухайлбал, "Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын үйл ажиллагаанд 1-10 хооронд оноогоор үнэлгээ өгнө үү" гэх асуулгад нийслэлд оршин суудаг сонгуулийн насны 850 иргэнээс санамсаргүй түүврийн аргаар авчээ. Судалгаагаар үнэлгээ нь 4.2 гэж гарчээ. Өөрөөр хэлбэл, 10 онооноос 4.2 оноогоор судалгаанд оролцсон иргэд дүгнэсэн гэсэн үг.
Үүнд, эерэг үнэлгээ өгсөн иргэдийн 13 хувь нь ажлаа хийж л байгаа, 12 хувь нь хот тохижилт, 5 хувь нь замын түгжрэл бууруулах тал дээр ажиллаж байгаа гэж дүгнэжээ. Харин сөрөг буюу /-/ үнэлгээ өгсөн иргэдийн 25 хувь нь түгжрэл, 21 хувь нь "Сэлбэ голын бургасыг үгүй хийсэн", 13 хувь нь "Үр дүнтэй шийдвэр байхгүй" гэжээ.
Харин өмнөх саруудтай харьцуулахад энэ нь өссөн үзүүлэлт болохыг доорх зурагаас харж болохоор байгаа юм. Түүний үнэлгээ 2023 оны долоодугаар сараас хойш 2.2-3.2 хооронд байжээ.