"Зүрхэн тэнгэрийн наран", "Зүрхгүй", "Мөсөн хайр" зэрэг гаргасан дуу бүрээрээ ХИТ-ийн жагсаалтад багтаж чаддаг байсан хамтлаг бол OUTLAW. "Хайр"-ын автортой хамтлагуудын нэгээр нэрлэгддэг эл хамтлаг тун удахгүй Мөнхийн реп, NoName, Flash хамтлагуудтай нэгэн тайзнаа дуулах гэж байна. Тоглолтын бэлтгэлийнх нь дундуур Outlaw хамтлагийн ахлагч, МУСТА Э.Ариун-Эрдэнэтэй ярилцсанаа хүргэж байна.
-Тоглолт болоход цөөн хоногийн хугацаа үлдсэн байна. Бэлтгэл ажил гээд завгүй өдрүүд үргэлжилж байна уу?
-Тийм ээ. Энэхүү All In Hit тоглолт нь хэдэн жилийн өмнөөс л яригдаж эхэлсэн. Цаг үеийн хувьд тохироо нь бүрдэхгүй хойшилсоор байсан. Тоглолтод оролцож байгаа хамтлагуудын хувьд тухайн цаг үедээ эзэд нь байсан хамтлагууд гэж хэлж болно. Ялангуяа хайрын дууны талдаа дээгүүрт эрэмбэлэгддэг хамтлагууд оролцож буйгаараа онцлог.
-Хамтлагаараа хамгийн сүүлд хэзээ тайзан дээр гарсан байсан бэ?
-Хамгийн сүүлд 2016 онд лобби тоглолт хийж байсан. Бүрэн хэмжээний тоглолтод оролцож амжаагүй явсан учраас сэтгэл нэлээн догдолж байна.
-Өнгөрсөн жилээс уран бүтээлийн ажилдаа нэлээн шамдаж байна уу гэлтэй байсан. Энэ хэрээрээ сонсогч фенүүд нь шинэ уран бүтээлд нь чих тавьж, тоглолтын сургийг ч хүлээж байсан болов уу?
-Outlaw хамтлаг уран бүтээлээсээ тодорхой хугацаагаар завсарлаад байсан. Энэ хугацаанд хамтлаг маань тарж бутарсан зүйл байхгүй. Бүх гишүүд маань дор бүрнээ өөр өөрсдийн ажил амьдралаа цэгцлэх гээд завгүй явсан. Таны хэлсэнчлэн өнгөрсөн жилээс үйл ажиллагаануудад идэвхтэй оролцоод явж байгаа.
-Энэ жил хамтлагийн 20 жилийн ой тохиож байгаа шүү дээ. Сонсогчид нь бие даасан тоглолтоо хэзээ хийх талаар их асууж байгаа харагдсан?
-Тэгэлгүй яах вэ. Энэ жил манай хамтлагийн 20 жилийн ой тохиож байна. 2004 онд анх байгуулагдаж байсан. 20 жилийн ойн хүрээнд өнгөрөгч тавдугаар сард "Чамтай чамгүй" гэх уран бүтээлээ гаргасан. Энэ дуу маань нэлээн эрэлттэй байгаа харагдсан. Мэдээж энэ жил төлөвлөсөн ажлуудын нэг нь бие даасан тоглолтоо хийх явдал. Ойн тоглолтоо бүрэлдэхүүнээрээ буюу тавуулаа хийх бодолтой байгаа. Шинэ уран бүтээлүүд эхнээсээ бэлэн болж байна. Бичлэгт орох ажлууд хүлээж байгаа.
-Ойн тоглолтоо хэзээ хийх тал дээр тов бий юу?
-Ирэх есдүгээр сард хийхээр ярилцаж байгаа. Гадаадаас хоёр гишүүн маань ирэхээр ярилцаж байна. Хэрэв хоёр гишүүн маань ирчихвэл тавуулаа тоглолтоо есдүгээр сард хийнэ гэсэн бодолтой байна.
-Хэсэг завсарлаад эргээд тайзан дээрээ гарахад "Яах бол" гэх багахан сандрал байсан-
-Өнгөрсөн жил хамтлагаараа Европын орнуудаар тоглолт хийсэн байсан. Үзэгчдийн уур амьсгал хэр байх юм. Нөгөө талдаа хэсэг хугацаанд завсарласны дараагаар тайзан дээр гарах мэдрэмж ямар байв?
-Аливаа юмны цаг гэж байдаг болов уу гэж би боддог. Өмнө хамтлагийн пэйжээрээ хүртэл янз бүрийн мэдээлэл, видео оруулсан ч тэр бүр тоож байгаа эсэх нь мэдэгддэггүй л байсан. Одоо бол нэг энгийн пост оруулахад л ямар ч бүүстгүйгээр олон нийтэд маш сайн хүрч байгаа харагдсан. Тэр нь эргээд бидэнд маш их урам болж өгч байгаа. Энэ хэрээрээ сонсогчид маань санасан, хүлээлттэй байгаа юм байна гэж мэдрэгдэж байгаа. Өнгөрсөн жил Европын 7-8 орноор аялан тоглосон. Тоглолт маань маш амжилттай болсон. Бид хэсэг завсарлаад эргээд тайзан дээрээ ирсэн болохоор "Яах бол" гэх багахан сандрал байсан. Гэхдээ эргээд форумдаа ороод бэлтгэлээ хийгээд явж байгаа.
-Тухайн цаг үед уран бүтээлээ туурвиж байсан хамтлагуудын яриаг сонсоход клип хийнэ гэдэг их хүнд байсан сонсогдох юм. Танай хамтлагт энэ хүндрэл танай хамтлагийг ч тойроогүй л лавтай?
-Outlaw хамтлаг чанартай уран бүтээл хийхийг л чухалчилдаг байсан. Массын хүлээлтэд нийцсэн уран бүтээлдээ чанартай клип хийхийг хичээдэг байсан. Мэдээж клип гэдэг бол нүсэр ажил. Залуу насны ааг омогоороо ядралгүй хийдэг байсан байх даа. Долоо хоног дараалаад клипний зураг авалтад явах үе ч бидэнд байсан. Жишээлбэл, манай "Шаргал гуниг" гээд дууны клип л гэхэд Эрдэнэтэд маш олон хоногийн зураг авалт хийж байсан. Миний анзаарсан зүйл бол, тухайн үед бид жилдээ 3-4 хит дуу гаргачихдаг байсан. Одоо дуу хөгжмийн зах зээл өргөжиж, нэг л дуу нь хит болоход ашиг орлого, санхүү талаасаа ч тэр уран бүтээлчдэдээ өгөөжтэй болсон байна. Нэг үеэ бодвол залуучууд маань маш сайн үзэж, сонсдог болсон байна. Бидний үед нийгэм нь тийм байсан юм болов уу. Аргуу л байлаа шүү дээ /инээв/. Такс нь хүртэл 2000-2500 төгрөг гээд л. Гэхдээ манай хамтлаг Open air-г хоёр ч удаа дүүргэсэн байдаг. Одоо хөгжмийн зах зээл эрчимтэй хөгжиж байна. Чанартай уран бүтээл гаргаж чадвал урлагаараа амьдрал ахуйгаа шийдээд явах боломж бүрдсэн байна гэж хардаг.
-"Танай хамтлагийн дууг цуг сонсож, эхнэр нөхөр болсон" гэж хэлэх залуучуудтай олон таарч байсан-
-Танай хамтлагийн дуунууд дээр хүнд хэцүү эморч суух цаг үеүдэд, эхнэртэйгээ найз бүсгүйтэйгээ танилцаж байхдаа сонсож байсан гэх мэт дурсамж хаягладаг хүмүүс олон юм билээ?
-Тийм ээ. Энд тэнд явахад гэр бүл болчихсон залуучууд таараад "Танай хамтлагийн дуун дээр түүнтэйгээ танилцаж, эхнэр нөхөр болсон, манайд зочлоорой" гэх мэт сэтгэгдлүүд хэлэх тохиолдол байдаг. Иймэрхүү яриа өрнөх нь олон.
-Ялангуяа хөвгүүдийн хамтлагынхныг фенүүдтэйгээ суусан уу гэж их асуудаг шүү дээ. Басхүү хүүхдүүд нь аавынхаа уран бүтээлийг хараад ямар сэтгэгдэл хэлдэг бол гэдэг ч сонирхол татаж байна?
-Манай том хүү одоо дөрвөн настай. "Чамтай чамгүй" дууны клип гарсны дараа "Аав аа энэ дуу ёстой гоё дуу болсон байна. Та дуул" гээд байдаг юм. Гэрт хүн орж ирэхэд байнга тавьчхана. Өөрөөр түүндээ маш их дуртай болчихсон байна лээ. Эхнэрийн маань хувьд яг манай хамтлагийн фен байсан гэж бодохгүй байна. Бусад хосуудын жишгээр танилцаж болзож байгаад л нэг гэр бүл болсон доо. Гэхдээ аливаа уран бүтээл дээр анхны сонсогч болдог гэдэг утгаараа шүүмжээ хэлдэг.
-Тун удахгүй "All In Hit" тоглолт болох гэж байна. Тоглолтыг зорьж ирэх сонсогчдодоо хандаж юу хэлмээр байна?
-Энэ бол дахин давтагдашгүй. Тэр бүр бид байнга хамтран тоглоод байхгүй. Өөрсдийнхөө уран бүтээлийг хийгээд л явна. Зохион байгуулж буй хүмүүс маань энэхүү дөрвөн хамтлагт санал тавьж, нэгдэж тоглож байгаа. Тиймээс энэ мөчийг алдалгүй ирж, дурсамжийнхаа галт тэрэгт суугаарай гэж хэлэх байна. Миний хувьд ч маш хүлээттэй байгаа. Маш гоё үдшийг хамтдаа өнгөрүүлнэ гэж бодож байна. Дөрвөн хамтлаг хит гэсэн дуунуудаа дуулна. Ирсэн хүмүүс маань оройжин дуулах байх. Сайн бэлтгэлтэй ирээрэй л гэж хэлмээр байна.