Хэнтий аймгийн Бэрхийн уурхайн хаалтын үйл ажиллагаатай холбогдуулан тус уурхайг музейн зориулалтаар ашиглах талаар судалгаа хийж, цаашид авах арга хэмжээний тухай санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдан Бэрхийн уурхайн “Уулын цех”-ийн хэсгийг түшиглэн Монголын далд уурхайн музей, сургалт, судалгаа, аялал жуулчлалын төв байгуулан ажиллуулах боломжтой талаар дүгнэлт гарсан байдаг байна.
Үүний дагуу төслийн багийнхан 2019 онд БНСУ, ХБНГУ-д туршлага судалж, төслийн хүрээнд цогц судалгааны ажлуудыг хийж, техник-эдийн засгийн үндэслэлийг 2020 онд батлуулжээ.
Төсөл нь уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн жишиг болох, хаагдсан уурхайг эдийн засгийн эргэлтэд оруулж, уурхай дагасан хот тосгоны иргэдэд ажлын байр бий болгох, уул уурхайн компаниудын нийгмийн хариуцлагыг өндөржүүлэх, Монгол Улсын эдийн засагт томоохон ач холбогдол бүхий уул уурхайн салбарын талаарх ойлголт, уурхайчны мэргэжил, өв соёлыг хадгалах, залуу үед өвлүүлэх, энэ чиглэлийн мэргэжлийн оюутан, судлаачдад сургалт судалгааны бааз болох, төсөлтэй холбогдох аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг бий болгох, түүхэн аялал жуулчлалын эхлэл цэг болон сурталчилахад өндөр ач холбогдолтой хэмээн үзсэн байна.
Төслийн нээлт Хэнтий аймгийн Бэрхийн уурхайд 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр болох аж.