461 дүгээр хорих ангид хэрэгт сэжиглэгдэн хоригдож байсан иргэн энэ сарын 22-нд Шастины нэрэмжит III эмнэлэгт хүргэгдэн нас барсан хэрэг гарсан. Эл хэргийн талаар өчигдөр талийгаачийн ар гэрийнхэн мэдээлэл хийж хууль хүчний байгууллагаад гомдолтой байгаагаа илэрхийлсэн байдаг. Болж буй үйл явдалтай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайд цахим хуудсаараа гүн эмгэнэл илэрхийлж, мэдэгдэл гаргажээ.
Тэрбээр "Цагдан хоригдож байхдаа нас барсан иргэн О-н гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. Прокурор зөвшөөрөл өгмөгц болсон явдлын талаар цагдаагийн байгууллага удахгүй мэдээлэл хийнэ.
Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд үйл явдал болсон цагаас эхлэн анхаарал хандуулж байсан бөгөөд, талийгчийн ар гэртэй биечлэн холбогдож ярилцсан болно. Чиглэл тус бүрээр хийгдэж байгаа албаны шалгалтын үр дүн гарч, хуулийн зөрчил тогтоогдвол буруутай албан тушаалтнууд, эрх мэдэлтнүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэнэ. Хууль зүй, дотоод хэргийн яамны хувьд хэд хэдэн чиглэлээр эрх зүйн шинэтгэл хийж, хүний эрх, эрх чөлөөг хангуулахаар тасралтгүй ажиллаж байгааг иргэд та бүхэндээ илтгэн танилцуулъя" гэжээ.