Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнийг нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Н.Мандуул удирдан явуулсан юм.
Энэ үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү “Нийслэлийн хэмжээнд хүчдэлийн уналттай, цахилгаан эрчим хүчинд холбогдоогүй айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчээр хангахаар ажиллаж байна. Улаанбаатар хотын гэр хорооллын цахилгаан эрчим хүчинд холбогдоогүй, хүчдэлийн уналттай айл өрхүүдийг цахилгаан хангамжид холбох 12 багц тендерийг зарласан. Одоогоор 12 багцад гүйцэтгэгч шалгаран гэрээ байгуулан барилга угсралтын ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд ирэх есдүгээр сард дуусгахаар төлөвлөн ажиллаж байна” гэдгийг онцоллоо. Мөн нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд 53 агуулахад 50,000 тонн сайжруулсан шахмал түлшний нөөцийг бүрдүүлээд байна.