Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Facelook: Монголын рок поп урлагийг зуун дамжин төлөөлөх Б.Сарантуяагийн фото түүх

Ангилал
Facelook
Огноо
Унших
9 минут 37 секунд

Олны танил хүмүүсийн амьдралын түүхийг ховор нандин зургуудаар нь өгүүлдэг Facelook булангийн ээлжит дугаарт Зууны манлай эстрадын дуучин, Монгол Улсын Гавьяат Жүжигчин Батмөнхийн САРАНТУЯАГ онцоллоо.

Санамсаргүй тохиолдлоор нууц авьяасаа нээсэн нь. Салаа хархан гэзгээ хоёр хуваан сүлжиж, цэцгэн хээтэй даашинз өмссөн дөлгөөн харцтай энэ охин бол Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа. Тэрээр Г.Батмөнх хэмээх монгол залуу, Таня хэмээх якут охины хайр сэтгэлийн дундаас үсэрсэн хоёр дахь оч нь билээ. Орос хэлний гүнзгийрүүлсэн сургалттай Дарханы 4-р сургуульд сурч байх үед түүний гадаад хэлний мэдлэг тааруу байсан тул хичээлүүд нь их уйтгартай санагддаг байв. Сургуулиасаа шилждэг ч юм уу гэж бодож явтал “найрал дууны дугуйланд орох хүүхэд байна уу?” гэхэд нь юу гэдгийг мэдэхгүй ч хүүхдүүдийг даган гараа өргөөд бүртгүүлчихжээ. Санамсаргүй болсон энэ явдал түүний нуугдмал авьяасыг нээжээ.

Эрхүүгийн хайр. Сараагийн аав Г.Батмөнх, ээж Таня нарын хайр Эрхүү хотод нахиалжээ. Улмаар тэд хуримын ёслолоо оюутны ангийн найзууд, багш нарынхаа дунд даруухан тэмдэглэж буй агшин. 

Оросын цагаан хусхан хайрын аянд нахиалсан

Оюутан гэнэн залуу нас мөрөөдөл дунд цэцэглэсэн...хэмээх “Эрхүүгийн хайр” дууны үг тэдний хайрын тухай өгүүлсэн мэт.

Ангийн найз Лхамжавын хамт. “Инээмсэглэл” -ийн дууг сонсож, “Залуус” хамтлагийн бүжигчин залуусыг “крашилж” явсан үе. Түүний найзууд Залуусын театрт болсон тоглолт болгоныг алгасахгүй үзэж, барууны хамтлагуудын дууг сонсож, чөлөөт цагаа өнгөрөөх дуртай байв. Сурагч Сараа хичээлээ тараад бага ангийн хүүхдүүдүүдэд үлгэр уншиж өгөх, зургийн хичээлд нь туслах, шугам жагсаалын тэмцээнд бэлдүүлэх зэрэг сайн дурын ажил хийдэг, найрал дууны дугуйлангийн хажуугаар гэрийн ажлаа амжуулдаг тунчиг завгүй охин байлаа. Тэрээр энэхүү хувийн зохион байгуулалт сайн хийх эрдмийг ээжээсээ өвлөн авсан гэдэг. 

Анхны тайз. Тэрээр Дархан хотоос Улаанбаатар хотын есдүгээр сургуульд шилжин ирснийхээ дараа ангийнхаа охин Лхамжавтай хамтарч дуулах болов. Улмаар есдүгээр ангидаа “Мөнгөн харандаа” хамтлагт гоцлол дуучнаар ажиллаж эхэлжээ. Түүний хамгийн анхны тайз нь Хөгжим бүжгийн дунд сургуулийн төгсөлтийн үдэшлэг байсан бөгөөд алдарт дуучин Стив Вондерийн " I just called to say i love you "  хэмээх дууг дуулжээ.

Уран бүтээлчийн амьдралд хөл тавиад удаагүй залуучууд анхны пентатоник наадмын дараа. Арын эгнээнд дуучин Дашдондог, зүүн гар талаас Н.Ононбат, МУГЖ Сараа, урд талын эгнээнд ая зохиогч Халиун, гитарчин Өөжгий.

Хажуу өрөөнд дуу бүтсэн нь. Хайрын бурхан дуу хэрхэн бүтсэн тухайд, тэрээр яруу найрагч Ү.Хүрэлбаатарын бичсэн хайрын бурхан нэртэй шүлэгт ая зохиолгохоор гитарчин Өөжгийд ханджээ.  Удахгүй Сингапурлуу явж "Аргагүй амраг" цомгоо бичүүлэхээр товлосон цаг ойртсоор байсан ч дууны ая  зохиогдохгүй нэлээдгүй удсаны эцэст түүнийг яг Сингапур луу нисэх өдөр Өөжгий тэднийд ирж улмаар Сараагийн гэрт энэхүү дууны ая бичигдэж  диктопон дээр бичиж авсан түүхтэй. 

Сараа:-Аягүй гоё болж байна. Бичиж байгаа юм уу?

Өөжгий:- Тийм бичиж байна. Хайрын бурхан дууны клип эхлэхийн өмнө ийм нэгэн харилцан яриа явдаг. Энэ бол тавилтгүй жинхэнэ харилцан яриа юм.

Олон хүмүүс дуучин Сарааг хоёр удаа гэрлэж байсан гэж эндүүрдэг. Гэвч тэрээр албан ёсоор гэрлэлтээ батлуулж байгаагүй бөгөөд тэрээр урлагийн амьдралд дөнгөж хөл тавьсныхаа дараа "Инээмсэглэл" хамтлагийн дуучин Н.Ганхуягтай хайр сэтгэлийн холбоотой байсан юм. Тэрээр нэгэн ярилцлагандаа "Надад одоо хүртэл Ж.Ганхуягтай уулзахаар нэг л тийм хамаатны ахтайгаа уулзаж байгаа юм шиг дотно мэдрэмж төрдөг." хэмээн хэлсэн байдаг.

Сингапурыг зорьсон нь. Сараа өсөн дэвжих, шинийг сурах их хүсэл өвөрлөн хөгжмийн зохиолч Пүүжээ, "Инээмсэглэл" хамтлагийн дуучин Н.Ганхуяг нарын хамт Сингапур улсыг зорьжээ. Улмаар найман сарын хугацаанд англи хэл сурч, амьд хөгжимтэй ресторануудад дуучнаар ажиллаж 200 гаруй англи дууг дуулж чаддаг болжээ. Мөн "Зүүдний говь" дууныхаа бичлэгийг тухайн үед хийлгэж байжээ. 

"Азийн дуу хоолой" наадмын Гран При шагналын эзэн болсон анхны монгол дуучин Сараа шагнал болон ирсэн ноолууран цамцаа өмсчээ. Энэ тэмцээний тайзнаа түүний алдарт  "Зүүдний говь" дуу  анх эгшиглэсэн юм. Тухайн үед нэг хүн энэ тэмцээнд ямар дуучин түрүүлэх вэ? гэж нэгэн казак удган эмэгтэйгээс асуухад "Монголоос ирсэн дуучин түрүүлнэ" хэмээн хэлсэн гэдэг.  Удганы мэрэг биелэлээ олж тэрээр "Азийн дуу хоолой"  наадмын тэргүүн байрын эзэн болсон нь олон улсад Монголын урлагийн байр суурийг өндөрт гаргасан чухайл үйл явдал болж байжээ.

Тэрээр өөрийнхөө зүүднээс хамгийн их уран бүтээлийн санаа, сэдэл авдаг хэмээн хэлсэн юм. Дашрамд хэлэхэд түүний хамгийн хайртай цомог нь "Аргагүй амраг" ажээ. "Эгэл сэтгэл" дууны клипийн зураг авалтын үеэр. Берлин 1998 он.

Зууны манлай.Монгол Улсын Зууны манлай эстрадын дуучин хэмээх хүндтэй шагналаа эцгийнхээ гараас ёслол хүндэтгэлтэйгээр авч буй цэл залуухан, 29 настай дуучин бүсгүй Б.Сарантуяа. 1999 он.

Одри Хепбернийг санагдуулам үсний засалт нь түүнийг тунчиг загварлаг харагдуулах аж. Цэнхэр дэлгэц 2-ын зураг аватын үеэр Миний аз жаргалын дуугаа дуулж байжээ.

Инээмсэглэлээ гоёл болгон зүүсэн цэл залуухан бүсгүйчүүдийн Парис дахь аялал. Зургийг дарсан Б.Ангирмаа, 2001 он.

Эрч хүч, баяр хөөр нэвт шингэсэн энэхүү зурган дээр баруун гар талд зогсох бүсгүй бол поп дива Алтанцэцэг юм.

Түүний сайхан инээмсэглэлийг уруун уруулын будаг улам бүр тодруулна. Удахгүй болох гэж буй хөгжмийн зохиолч Ж.Балхжавын "Миний дуунууд" тоглолтын бэлтгэл ажлын үеэр патиараа татуулж амжсан хоёр. "UB Palace" баригдаагүй байсан үе бөгөөд  уг тоглолт циркийн тайзнаа тавигдахаар бэлтгэл ажил эд өрнөж байжээ. Найз н.Бат-Эрдэнийн хамт.

2004 оны намар. Ширээ тойрон суусан МУГЖ Сараа, МУГЖ Д.Жаргалсайхан, хийлч Ч.Дэлгэрцэцэг нар. Тэдний ярьсан яриа өнгөрөн одсон ч гэрэл зураг түүх болон үлджээ.

 

Хөгжмийн зохиолч Ж.Балхжавын "Миний дуунууд" тоглолтын тайзны ард. Киви хамтлагийн гишүүдын хамт.

 

Би жаргалтай дууныхаа клипийн "ард гарчихсан" жаргалтай нь аргагүй инээж суух дуучин Сараа. 

 

Бээрсэн гарыг чинь дулаацуулж

Оддын дор зогсох жаргалтай

Бэтгэртлээ шөнөжин бодоод би

Өглөө нартай учрах жаргалтай, жаргалтай

Би жаргалтай, жаргалтай

Монгол Улсын Гавьяат жүжигчин цолоор энгэрээ мялаасан баяраа тэмдэглэж буй Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа. Түүний баяр дээр баяр нэмэн МУГЖ Т.Ариунаа хүрэлцэн ирсэн түүхэн үйл явдал энэхүү зургийн хальсанд буужээ. 2005 оны 06 сарын 22-ны өдөр.

Ард түмний сэтгэлд хэдийнээ хоногшин үлдсэн "Өглөө шиг эх орон" дууны клипийн зураг авалтын үеэр. МУГЖ дуучин Б.Сарантуяа, МУГЖ дуучин Т.Ариунаа, Hero энтертайнментийн найруулагч Б.Баатар нар.

Зоргоор туулах он жилүүд нь дуун тамгатай, зоригоор туучих омголон сэтгэл нь дуун домогтой, золгоод учрах зүрхэн эгшиглэн нь дуун хадагтай тэрбээр Зууны манлай хайрын дууч бурхан билээ. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, дууны яруу найрагч Ү.Хүрэлбаатар түүний хөрөгт ингэж бичсэн байдаг. 

Зуун дамжин монголчуудынхаа сонорыг мялаах авьяас билэг, хүч хөдөлмөр, хувь заяа хүн бүхэнд олдохгүй билээ. 

Л.Дэлгэрмаа

www.ubn.mn

Х.Баттулга: Дэд бүтэцгүй байшин барьж татвар төлөгчдийн мөнгийг үрж болохгүй
Х.Баттулга: Дэд бүтэцгүй байшин барьж татвар төлөгчдийн мөнгийг үрж болохгүй
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.