"The night with us" тоглолт ирэх наймдугаар сарын 10-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд тоглогдох талаар зохион байгуулагчид болон оролцогч хамтлаг, дуучид мэдээлэл өгсөн. Энэ үеэр "Номин талст" хамтлагийн дуучин А.Хаянхярваа сэтгүүлчдэд өгсөн ярилцлагынхаа үеэр нэгэн сонирхолтой мэдээллийг өгөв. Тодруулбал 2027 онд тус хамтлагийн 30 жилийн ой тохиох бөгөөд энэ үеэрээ бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглолтоо хийнэ гэв.
А.Хаянхярваа хэлэхдээ "Миний хувьд дотроо бодсон нэг зүйл бий. Ирэх онд "Камертон" хамтлагийн 30 жил, харин 2027 онд "Номин талст" хамтлагийн 30 жилийн ой тохионо. Ойгоороо дөрвүүлэнг нь нийлүүлж базъя гэсэн төлөвлөгөө байгаа. Мэдээж хамтлагийнхаа ноён нурууг унагахгүй, нэр хүндийг нь сэвтүүлэхгүй шиг тэр хүртэл аваад явахыг хүсэж байна.
Би нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын орлогч даргаар 6 жил ажилласан. Төрийн хэмнэлтийн хуулийн дагуу 2022 онд ажлаа өгсөн. Ажлаа өгчхөөд, хуучин хийж байсан уран бүтээлүүдээ санагалзаад, дуугаа дуулсан чинь "фэн"-үүд маань сонсоод байсан. Тийм учраас урам ороод, уран бүтээлээ үргэлжлүүлж байгаа" гэсэн юм.
Сануулахад, "Номин талст" хамтлаг нь 1997 онд Д.Батсүх, А.Хаянхярваа, Т.Дэлгэрмөрөн, н.Хангэрэл /Хаазаа/ нарын 17-19 настай залуучуудын бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдаж байжээ.