Сонгуулийн дүнгээр байгуулагдсан парламент өнөөдөр үдээс хойш Монгол Улсын 33 дахь Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилохыг 99 хувийн саналаар дэмжлээ.
Өөрөөр хэлбэл, Засгийн газар байгуулах асуудал буюу хамтарсан засаг байгуулах эсэх асуудлаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ яг одоо л хууль ёсны дагуу ярих эрх нь нээгдэж буй юм. Энэ бол Үндсэн хуульд бичигдсэн ойлголт билээ. Тэгвэл яг одоо ХҮН намын Төлөөлөх зөвлөл хуралдаж, Засгийн газарт хамтрах талаарх асуудлыг шийдэх гэж буй бол АН-ын Улс төрийн зөвлөл өчигдөр хуралдаж МАН-тай хамтарч засаг байгуулах асуудлыг дэмжихээр болсон билээ. Тэгвэл ялалт байгуулсан Ардын намынхан Засгийн газраа хамтарч байгуулах асуудлаар, мөн МАН-ын засагт талаарх өөр өөрийн байр сууриа нам бүрийн төлөөллүүд илэрхийлсээр байна. АН болон ХҮН намуудын ганц нэг төлөөллүүдийг эс тооцвол бусад гишүүд нь ил цагаан дэмжсэн байр суурь илэрхийлэхгүй байгаа ч "Үгүй" гэж хэлж чадахгүй байсаар өнөөдрийг угтаж буй.
Харин өнөөдөр 2021 онд МАХН-аас Ардын намтай нийлүүлсэн, МУ-ын гурав дахь Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр хамтарсан Засгийн газар байгуулах асуудлыг эсэргүүцсэн байр суурь илэрхийллээ. Тэрбээр, "Ард түмэн та бүхэнд ардчиллыг хамгаал гэж 42 суудал өгсөн. Тиймээс хамтарсан Засгийн газарт бүү ор гэж зөвлөе" гэсэн юм.
Хамтрах тухай асуудал сонгууль болохоос ч өмнө, бүр нарийн яривал өнгөрсөн ҮХНӨ-ийн үеэр яг нэг жилийн өмнө яригдаж байсан. Өөрөөр хэлбэл намын бүх дарга нь хамтрах тухай асуудлыг дотроо ярьж байсан билээ. Тэгвэл Н.Энхбаяр гэнэт уг асуудлыг эсэргүүцэж буй нь магадгүй ардчиллын төлөө, хяналт тэнцлийн төлөө байж болох ч нөгөө талдаа Ардын намтай анх тохирсон бүх шатны томилгоо, нэр дэвшүүлэлт дээр МАХН 30 хувийн квот авна гэдгийг тохироогоо хамгаалахын тулд ийнхүү эсрэг дуугарч байж болзошгүй юм. Учир нь АН, ХҮН нам засагт орж ирэхийг далимдуулж Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан тэргүүтэй дарга нар нь Н.Энхбаярынханд оногдох сайд, дэд сайд, төрийн нарийн, агентлагийн даргын томилгооноос л "хумсална". Мөн Н.Учрал ЗГХЭГ-ын даргаар сэлгэж томилогдох болсноос улбаалж Цахим хөгжил, харилцаа холбооны сайдаар Э.Батшугар томилогдох хамгийн магадлалтай байсан. Тэгвэл тус яамыг АН-ынханд өгөхөөр Ардын намынхан яриа хэлэлцээрт ороод эхэлсэн нь Н.Энхбаярт таалагдахгүй байгаа талаар эх сурвалжууд мэдээллээ.
Ийнхүү хамтарч засаг байгуулж Засгийн газрын насжилтаа уртасгахаар Л.Оюун-Эрдэнэ төлөвлөж байгаа ч намын доторх гомдогсдын арми Н.Энхбаяраас авхуулаад үлэмж их хэмжээгээр нэмэгдэж эхэллээ.