Цахим худалдааны салбарт дэлхийд тэргүүлэгч, Хятадын “Alibaba” компани захиалга хүргэх анхны автомат ложистик роботыг танилцууллаа гэж Шанхайн “Ицай глобал” хэвлэл мэдээлжээ.
"Xiaomanlv" хэмээн нэрлэсэн жижиг хэмжээтэй уг роботод хиймэл оюун ухаан бүхий өөрөө жолоодох технологи суурилуулсан байна. Тус робот нь өдөрт 500 хүртэлх захиалгыг тогтсон нэг хаягаар, жишээлбэл, албан газар, сургууль руу хүргэх чадвартай аж. Мөн нэг удаад 50 хүртэлх илгээмжийг тээвэрлэх, цаг агаарын нөхцөл, GPS дохионоос үл хамааран 100 км орчим зайг нэг удаагийн цэнэглэлтээр туулах чадвартай гэнэ.
Роботыг эхний ээлжинд "Alibaba Cainiao" ложистик станцуудад ашиглана гэж "Пэнпай" цахим хуудсанд “Alibaba DAMO” академийн ерөнхийлөгч Жефф Жаны мэдээллээс иш татан бичжээ. Тус компанийн хиймэл оюун ухааны лаборатори мөн цахим худалдааны зах зээл хэдэн триллион ам.доллар болж өснө гэх таамаглалыг харгалзан янз бүрийн хөгжүүлэгчдэд өөрсдийн роботыг бүтээхэд нь туслах зорилгоор нээлттэй код бүхий платформоо танилцуулжээ. Жефф Жаны хэлснээр, шуурхай хүргэлтийн зах зээл ойрын ирээдүйд өдөрт 1 тэрбум хүртэлх захиалгын түвшинд хүрэх ёстой байна. Ложистик роботууд ирээдүйд захиалгын хүргэх үр ашгийг хамгийн сүүлийн шатанд гаргах боломжтой гэж тус компанийнхан үзэж байгаа юм.