Төрийн аудитын газраас Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтыг нийтэд ил болголоо. Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 58.4 “Нэр дэвшигч, нам, эвсэл авсан хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг санал авах өдрөөс гурав хоногийн өмнө нийтэд ил тод мэдээлж, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ” гэж заасны дагуу нэр дэвшигчид Төрийн аудитын байгууллагад тайлангаа ирүүлсэн нь энэ юм.
Үүнээс харахад, дараах арван нэр дэвшигч УИХ-д сонгуульд оролцож буй оролцогчдоос хамгийн өндөр дүнтэй зардал гаргаж оролцсон байна. Үүнд:
- О.Цогтгэрэл 1 тэрбум 115 сая төгрөг
- Б.Түвшин 913 сая төгрөг
- Б.Пүрэвдорж 741 сая төгрөг
- Д.Тогтохсүрэн 721 сая төгрөг
- Ж.Энхбаяр 710 сая төгрөг
- Л.Соронзонболд 641 сая төгрөг
- Ц.Даваасүрэн 626 сая төгрөг
- Ц.Туваан 604 сая төгрөг
- С.Бямбацогт 598 сая төгрөг
- Ч.Ундрам 595 сая төгрөгийг зарцуулжээ.
Зардлын үзүүлэлтээр хамгийн өндөрт жагсаж буй, УИХ-ын гишүүн Одонгийн Цогтгэрэл нь УИХ-ын 2-р тойрог болох Завхан, Говь-Алтай, Увс аймгийн нэгтгэсэн бүсэд Ардчилсан намаас нэр дэвшиж буй. Тэрбээр сонгуулийн сурталчилгааны материал хэвлүүлж тараахад 211 сая төгрөг, нийтийн эзэмшлийн гудамж талбайд сурталчилгааны зурагт самбар, дэлгэц байршуулахад 41 сая төгрөг зарцуулсан байна. Зардлууд дундаас хамгийн өндөр нь сонгууль эрхэлсэн байгууллагын үйл ажиллагааны зардалд 734 сая төгрөгийг зарцуулсан аж.