Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СБД-ийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан Сэлбэ нэгдсэн эмнэлгийн барилгын нээлт болно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
9 минут 6 секунд

Монгол Улсын хэмжээнд анх удаа орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Сүхбаатар дүүрэг дэлхийн жишигт нийцсэн стандарт бүхий 200 ортой СЭЛБЭ нэгдсэн эмнэлгийн барьж ашиглалтад орууллаа. Эрүүл мэндийн салбарт түүх болон үлдэх бүтээн байгуулалт болсон энэхүү эмнэлгийн барилгын албан ёсны нээх арга хэмжээ маргааш буюу 2024 оны 06 дугаар сарын 26-ны 11:40 цагт болно.

Нэгдсэн эмнэлэг барих төслийг эхлүүлэхийн тулд 80 гаруй айлын газрыг чөлөөлүүлсөн бөгөөд Сэлбэ дэд төвийг түшиглэн Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Сэлбэ нэгдсэн эмнэлэг нь 2.2 га талбайд байрших ба барилгын зохион байгуулалтын хувьд А болон Б блок гэсэн 2 үндсэн хэсэг, техникийн туслах байраас бүрдсэн нийтдээ 12500 м2 барилгын талбайтай. Эмнэлгийн барилгын ажлыг 2021 оны наймдугаар сард эхлүүлж байсан ба бүтээн байгуулалтын ажил өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд хийгдсэн юм.

Орчин үеийн эрүүл мэндийн салбарын стандарт бүхий дэлхийн жишигт нийцсэн энэхүү Сэлбэ нэгдсэн эмнэлэг нь үндсэн долоон мэргэжлээр буюу хүүхэд, эмэгтэйчүүд, чих, хамар, хоолой, дотор, мэдрэл гэсэн чиглэлээр Сүхбаатар дүүргийн 143 мянган иргэнд эмнэлгийн анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэх юм. Нийт хэвтүүлэн эмчлэх 200 ортойгоор үйл ажиллагааг явуулах ба үүнээс хүүхдийн тусламж үйлчилгээнд 40 ор байхаас 4 ор нь хүүхдийн эрчимт эмчилгээний, насанд хүрэгчдийн 160 орноос 6 ор нь хүлээн авах яаралтай тусламжийн ажиглалт тусгаарлах, 20 ор нь насанд хүрэгчдийн эрчимт эмчилгээний байхаар төлөвлөгдсөн. Мөн мэс заслын дөрвөн вакумжсан өрөөтэй байхаас гадна сувилагч нар сорьц, шинжилгээний дээжээ барьж гүйдэг явдлыг халж, сорьц, шинжилгээний дээжүүдийг зориулалтын лифтээр зөөнө.

Бактери үрждэггүй тааз, хулдаас, рентген туяа нэвтэрдэггүй шил...

Эмнэлгийн барилга нь газар хөдлөлтийн 8 баллд тэсвэртэй төмөрбетонон карказтай байхаас гадна эмнэлэг өөрөө маш нарийн стандарттай тусгай объект тул мэс засал, лабаротори, сэхээний тасаг зэргийн барилгын материал нь нян, бактери үрждэггүй эмнэлгийн зориулалтын тааз, хулдаас, үнэргүй эмульс, будаг, рентгений өрөөнд гэхэд туяа нэвтрүүлдэггүй шил зэргийг сонгосон. Өөрөөр хэлбэл, орчин үед мөрдөгдөж байгаа стандартын дагуу энэ эмнэлгийг барьж ашиглалтад оруулж байна. Түүнээс гадна эмнэлэг хүчилтөрөгчийн шугамтай. КОВИД-19 цар тахлын үеэр хүчилтөрөгч гээд баллонтай юм авчраад зүүдэг байсан бол энэ эмнэлэгт хүчилтөрөгчийг шууд хананаасаа авна. Хүчилтөрөгч үйлдвэрлэх тусдаа бие даасан барилгатай гэсэн үг. Газар доогуур шугам нь яваад барилгын ханаар дамжин бүх өрөөнд хүчилтөрөгч зэс хоолойгоор хүрнэ. Мөн хамгийн сүүлийн үеийн утаа мэдрэгч системтэй. Галын үед автоматаар ус шүршинэ. Өрөө болгонд өвчтөн бүрийн орны толгойд, тэр ч байтугай бие засах газар, шүршүүр болгонд гэнэт бие муудахад болон өөрөө бие даан босож, сууж чадахгүй хүмүүст зориулаад сувилагч дууддаг хонхыг байрлуулсан.

Иж бүрэн лаборатори, CTR, CPI аппарат зэрэг тоног төхөөрөмж…

Эмнэлгийн барилга анх баригдаж эхэлсэн цагаас л эмнэлгийн тусгай тоног төхөөрөмжийг суурилуулжээ. Сүхбаатар дүүрэг Сэлбэ нэгдсэн эмнэлэгт зориулаад нийт 184 нэр төрлийн 2672 ширхэг тоног төхөөрөмж, компьютер техник, хэрэгсэл, эм эмнэлгийн багаж хэрэгслийг дүүргийн төсвийн санхүүжилтээр худалдан авч бэлэн болгосон бөгөөд иж бүрэн лаборатори, CTR, CPI аппарат зэрэг тоног төхөөрөмжийг суурилуулчихсан байгаа.

...Эмч нар цонхгүй, харанхуй өрөөнд сууж байгаа нь анзаарагддаг. Тэгвэл энэ эмнэлэгт эмч нарын өрөө цонхтой буюу байгалийн гэрэлтэй байх нь. Дандаа хүнд өвчтэй хүмүүстэй харилцдаг хүмүүст стресстэж, ядрахгүй байх нөхцөлийг бүрдүүлэхийг хичээж, орчин үеийн дэлхийн жишиг нийцсэн эмнэлгийн стандартыг барьжээ. Энэ мэтээр таван давхар эмнэлэг гадна талдаа 100 машины зогсоол, амрах хэсэг гээд иж бүрэн тохижилттой томоохон бүтээн байгуулалт болж сүндэрлэх нь. Монгол Улсын хэмжээнд орон нутгийн төсвөөр барьсан анхны эмнэлэг нь энэхүү Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлэг болж, эрүүл мэндийн салбарт томоохон шинэчлэлт хийж, түүхэн бүтээн байгуулалт болж байна.

Эмнэлгийн туслмаж, үйлчилгээ…

Сүхбаатар дүүргийн хүн амын дунд зонхилон тохиолдох буюу тэргүүлж буй өвчлөлийг бууруулах бодлогыг үндэслэн эмнэлгийн тусламж үйлчилгээг зохион байгуулагдсан. Сэлбэ Нэгдсэн эмнэлэг нь жилд дунджаар 11000 үйлчлүүлэгчийг дотор, мэдрэл, мэс засал, гэмтэл, хүүхэд, эмэгтэйчүүд, Монголын уламжлалт анагаах ухаан, сэргээн засах, хөнгөвчлөх болон хими эмчилгээг хэвтүүлэн эмчилж, 3000-3400 хүнд мэс заслын тусламж үзүүлж, амбулаторийн төрөлжсөн мэргэжлийн 21 кабинет, оношилгооны 8 кабинет, нэгдсэн лабораторын тусламж үйлчилгээг хоногт дундажаар 950-1000 орчим , жилд 267000 орчим иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай.

Дүүргийн иргэд нэн ялангуяа алслагдсан хороодын оршин суугч иргэд эмнэлгийн тусламж үйлчилгээ авахад цаг хугацаа их шаардагдах, хүлээгдэл чирэгдэл нилээдгүй үүсэж , хэрэгцээ шаардлагыг хангасан чанартай, хүртээмжтэй тусламж үйлчилгээ авахад үүсдэг хүндрэлүүд буурна. Дүүргийн хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг төрийн бодлого чиглэлд нийцүүлэн олон улсын оношилгоо эмчилгээний стандарт, эмнэлзүйн удирдамжийн дагуу шинэ дэвшилтэт техник технологи ашиглан эмнэлгийн зориулалтын таатай орчинд үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжинд нийцсэн чанартай үзүүлдэг болно. Эрэлт хэрэгцээ нь нэн шаардлагатай нэмэгдэж байгаа хүүхэд, насанд хүрэгчдийн сэргээн засах, хавдрын эмгэгийн үеийн хими, хөнгөвчлөх, диализ эмчилгээ, сувилахуйн тусламж үйлчилгээг хөгжүүлж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулан олон улсын жишигт хүргэнэ.

Үзлэг, оношлогооны хүртээмж….

Амбулаториор хийх боломжтой дурангийн мэс засал, мэс ажилбар, эдийн шинжилгээ авах зэрэг өдрөөр хийх боломжтой оношилгоо, эмчилгээг шинээр нэвтрүүлж тусламж үйлчилгээ авч буй өвчтөн, үйлчлүүлэгчдэд хүлээгдэл чирэгдэлгүй, үр дүнтэй, эдийн засгийн дарамтыг бууруулж, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулна.

Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өргөжүүлэх үүднээс урьдчилан сэргийлэх ажлыг тодорхой төлөвлөн зохион байгуулж, хүн амд эрт илрүүлэг, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг хийх нэн ялангуяа харьяалах нутаг дэвсгэрийн сургууль, цэцэрлэг, байгууллагын суралцагч, ажиллагсдыг бүрэн хамруулж шаардлагатай тохиолдолд холбогдох тусламж үйлчилгээ үзүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох сургалт зохион байгуулж, мэдээ мэдээллээр хангана.

Эмнэлгийн цахим мэдээллийн технологийг боловсронгуй болгон үзлэг шинжилгээний цахим захиалга, товлолт үйлчилгээг нэвтрүүлэн үйлчлэх хүрээний хүн амын эрүүл мэндийн талаар цахим сан бүрдүүлж хүлээгдэл чирэгдлийг эрс бууруулж, үйлчлүүлэгч нэг бүрт чиглэсэн цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх боломж бүрдэнэ.

Нийслэл болон дүүргийн хүн амын дунд зонхилон тохиолдох өвчлөл, хөдөлмөрийн чадвар алдалт, нас баралтаар тэргүүлж байгаа эмгэгийг оношилж эмчлэх шинэ технологийг нэвтрүүлж олон улсын стандартад нийцсэн оношлогоо, эмчилгээг чирэгдэлгүйгээр авах боломжийг бүрдүүллээ.

ХАР ЗУРАГ: Мэргэжлийн, стратегийн, ардын зэрэг тодотголтой АН, ХҮН тэргүүтэй зургаан нам тус бүрийн байгуулахаар төлөвлөсөн ЗАСГИЙН ГАЗАР
ХАР ЗУРАГ: Мэргэжлийн, стратегийн, ардын зэрэг тодотголтой АН, ХҮН тэргүүтэй зургаан нам тус бүрийн байгуулахаар төлөвлөсөн ЗАСГИЙН ГАЗАР
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 3 хэмийн дулаан, бороотой
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 3 хэмийн дулаан, бороотой
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.