Өнгөрөгч долоо хоногт ХҮН намаас сонгуульд ялалт байгуулж, олонх болсон тохиолдолд байгуулах Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ олон нийтэд танилцуулсан юм. Үүнтэй холбоотойгоор бусад намуудыг ч сонгуулийн өмнө Засгийн газраа зарлах эл жишигт нэгдэхийг уриалаад байсан юм. Тэгвэл одоогийн байдлаар намууд дотооддоо үндсэн дүрэм дээрээ үндэслэн ямар "хар зураг" гаргаад байгаа талаарх мэдээллийг нэгтгэн хүргэж байна.
-ХҮН НАМ: Т.Доржхандын тэргүүлэх, давхар дээлтэй 8 сайдтай "МЭРГЭЖЛИЙН ЗАСГИЙН ГАЗАР-
ХҮН намаас Засгийн газраа “МЭРГЭЖЛИЙН ЗАСГИЙН ГАЗАР” хэмээн тодотголтойгоор зарласан. Засгийн газрын тэргүүн буюу Ерөнхий сайдаар тус намын дарга Т.Доржханд ажиллана. Тодруулбал, ХҮН намын дүрмийн 6.2.4-т “УИХ-ын сонгуульд нам олонх болсон тохиолдолд тухайн сонгуульд намыг удирдаж ялуулсан Намын дарга Ерөнхий сайдад нэр дэвшинэ. Намын дарга Ерөнхий сайдын албан тушаалаас өөрөө татгалзсан тохиолдолд намын дарга санал оруулж Төлөөлөх зөвлөлөөс Ерөнхий сайдад нэр дэвшигчийг сонгож тодруулна" хэмээн заасан байдаг. Эл дүрмээ баримтлан тус нам олонх болж чадсан тохиолдолд Ерөнхий сайдаар Т.Доржхандыг ажиллуулна хэмээн зарласан нь энэ юм. Харин түүний тэргүүлэх Засгийн газар нийт 12 яамаас бүрдэнэ. Үүнд:
- Эдийн засгийн хөгжил, аж үйлдвэр хариуцсан сайд шадар сайд: М.Энхсайхан
- Технологи, инноваци худалдаа хариуцсан шадар сайд: Д.Энхбат
- Гадаад харилцааны яам: Д.Жаргалсайхан
- Хууль зүйн яам: Г.Уянгахишиг
- ЗГХЭГ-ын сайд: Д.Үүрцайх
- Сангийн яам: Б.Отгонтөгс
- Байгаль орчин, ХАА аялал жуулчлалын яам: Б.Найдалаа
- Хөдөлмөр нийгэм хамгааллын яам: Д.Гантулга
- Уул уурхай, дэд бүтцийн яам: Ж.Золжаргал
- Боловсрол, соёлын яам: П.Наранбаяр
- Эрүүл мэндийн яам: Д.Наранбаатар
- Батлан хамгаалахын яам: С.Санасэр багтжээ.
Эдгээрээс Г.Уянгахишиг, Д.Үүрцайх, Б.Найдалаа, Д.Гантулга нар энэ удаагийн сонгуульд намын жагсаалтаар нэр дэвшиж буй. Харин Ж.Золжаргал, П.Наранбаяр, Б.Отгонтөгс, С.Санасэр нар тойрогт өрсөлдөж байгаа. Өөрөөр хэлбэл, ХҮН нам Засгийн газар байгуулах эрхийг ард түмнээс авч чадсан тохиолдолд давхар дээлтэй 8 сайдтай болно гэсэн үг.
-МАН: ЗГ-ын бүтцээ зарлаагүй ч Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилох нь УЗ-өөр баталгаажсан-
МАН-ын тухайд Засгийн газрын бүтцээ хараахан зарлаагүй байна. Харин Засгийн газрын тэргүүнээр одоогийн намын дарга Л.Оюун-Эрдэнийг "улираан" ажиллуулах хар зураг гараад байна. Тодруулбал, МАН-ын Үндсэн дүрмийн 24.3-т “УИХ-ын сонгуульд Нам олонх болсон бол Намын даргыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ” гэж заасан байдаг. Үүнтэй холбоотой тогтоолыг намын Удирдах зөвлөлөөс өнгөрөгч тавдугаар сарын 20-нд болсон намын хурлынхаа үеэр баталжээ.
Ийнхүү сонгуулийн өмнө Ерөнхий сайдын асуудал дээр санал нэгдсэн нь өмнөх удаагийн туршлагуудтай ч холбоотой гэж харж болно. Учир нь өмнө нь, сонгуулийн дараа бага хурлаа хуралдуулж улмаар шинэ Ерөнхий сайд хэн байх талаар асуудлыг хэлэлцэх тохиолдол гарч байсан. Тухайлбал, 2016 оны сонгуулийн дараа МАН тухайн үеийн намын дарга М.Энхболдыг бус Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдаар томилж байв.
-АН: Л.Гантөмөрийн тэргүүлэх 9 яамтай СТРАТЕГИЙН ЗАСГИЙН ГАЗАР-
ХҮН намын Засгийн газраа зарласан процессын дараагаар АН олонх болсон тохиолдолд байгуулах Засгийн газрын хар зураг гарч олны шүүмжлэлийг дагуулсан. Харин Ардчилсан намаас удалгүй эл мэдээлэлд няцаалт хийж, хуурамч хэмээн тайлбарласан. Харин тус намыг төлөөлж мэдээлэл хийсэн Б.Баттөмөр нь намын дарга Л.Гантөмөрийг Засгийн газраа тэргүүлнэ хэмээн мэдэгдсэн.
Бусад намуудын адилаар, Ардчилсан намын дүрэмд ч энэ талаар тодорхой тусгасан байдаг. Тодруулбал, Үндсэн дүрмийн 5.17.6.5-д “Нам нь УИХ-ын сонгуульд хамгийн олон суудал авсан тохиолдолд Намын дарга нь Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшинэ" гэж заажээ.
Тус намын засгийн газрын тодотгол нь стратегийн Засгийн газар. 9 яамтай ажиллана. Харин Засгийн газрын гишүүнд намын жагсаалтаар нэр дэвшсэн хүмүүсээс оруулахгүй хэмээн мэдэгдээд байгаа юм.
-ИРГЭНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ НАМ: Намын дарга Ө.Баяраа тэргүүлэх хоёр танхимтай АРДЫН ЗАСГИЙН ГАЗАР-
Энэ удаагийн сонгуульд 21 нам эвсэл оролцож буй. Тэдгээрийн нэг нь Иргэний хөдөлгөөний нам. Тус намаас Засгийн газрын бүтцээ дараах байдлаар зарласан. Тус нам олонх болсон тохиолдолд байгуулахаар төлөвлөсөн Засгийн газраа "АРДЫН ЗАСГИЙН ГАЗАР" гэж тодотгожээ. Тус нам энэ удаагийн сонгуульд 124 нэр дэвшигчийг өрсөлдүүлж байгаа аж. Тус нам Засгийн газраа сайд нарын танхим, захирагч нарын танхим гэж хоёр хуваахаар төлөвлөжээ.
-Ерөнхий сайд, ЗГ-ын тэргүүн: Иргэний хөдөлгөөний намын дарга Ө.Баяраа
Сайд нарын танхим: /9 нэгжид хуваасан/
-Тэргүүн шадар сайд Б.Бат-Уул
-Шадар сайд - 3
-Сайд - 9
Захирагч нарын танхим:
-Танхимын тэргүүн А.Лхагвасүндэв
-ҮНЭН БА ЗӨВ НАМ: 9 яам, 11 сайд, 18 агентлагтай ЗАСГИЙН ГАЗАР-
"Үнэн ба Зөв" намын тухайд мөрийн хөтөлбөрийн агуулгадаа Засгийн газрын бүтцээ оруулж өгчээ. Тодруулбал, тус нам олонх болсон тохиолдолд нийт 9 яам, 18 агентлагтай Засгийн газар байгуулна хэмээн мэдүүлжээ.
-
Эрүүл энхийн яам /Байгаль орчин/
-
Гэгээрлийн яам /боловсрол, шинжлэх ухаан, соёл, урлаг, спорт/
-
Хүн ам, нийгмийн бодлого, хөдөлмөрийн яам
-
Сангийн яам /Уул уурхай, эрдэс баялгийн асуудал, аялал жуулчлал/
-
Дэд бүтцийн яам /зам тээвэр, барилга, хот байгуулалт, эрчим хүч/
-
Үйлдвэр, худалдааны яам /хүнд, хөнгөн, хүнс, ЖДҮ, гадаад дотоод худалдаа/
- Хөдөө аж ахуй, газар тариалангийн яам
- Гадаад харилцааны яам
- Хууль зүй, батлан хамгаалах яам
Засгийн газрын бүрэлдэхүүн буюу САЙДУУД:
- Монгол Улсын Ерөнхий сайд
- ЗГХЭГ-ын дарга
- Эрүүл энхийн яамны сайд
- Гэгээрлийн яамны сайд
- Хүн ам, нийгмийн бодлого, хөдөлмөрийн яамны сайд
- Сангийн яамны сайд
- Хууль зүй, батлан хамгаалах яамны сайд
- Дэд бүтцийн яамны сайд
- Үйлдвэр худалдааны сайд
- ХАА, газар тариалангийн яамны сайд
- Гадаад харилцааны яамны сайд
-Монголконсерватив нам:4 яам, 12 дэд яам, 5 сайдтай ЗАСГИЙН ГАЗАР -
Монголконсерватив намын тухайд, Засгийн газрын бүтэц зохион байгуулалтыг үндсээр нь шинэчилнэ гэжээ. Ингэхдээ 4 яам, 12 дэд яам, 5 сайдтай ажиллахаар зохион байгуулна гэж тусгасан байна. Тус намын даргаар Н.Дашдаваа бүртгэлтэй байна.
Мөн 12 дэд яам бүрд 12 хүний бүрэлдэхүүнтэй салбарын эрдэмтдийн зөвлөлийн багийг ажиллуулна. Түүнчлэн дэд сайд, ТНБД-ыг ажил амьдралын туршлагатай мэргэшсэн 44-өөс дээш настай хүнийг ажиллуулах гэнэ. Тус намын байгуулах Засгийн газрын гол чиглэл нь яамд болон сайдын тоог цөөлөх аж.