20 настай эрэгтэй Д нь 16 настай эмэгтэйг боож хөнөөгөөд чемодан дотор хийсэн, мөн 32 настай эмэгтэйг хөнөөж, цогцсыг нь хувцасны шүүгээнд хийсэн болохыг цагдаагийн байгууллагаас илрүүлсэн байна.
Энэ талаар ЦЕГ-аас албан ёсоор мэдээлэл хийлээ. ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Г.Пүрэвдэлгэр "Цагдаагийн байгууллагад энэ оны зургаадугаар сарын 21-ны өдрийн 07.10 цагт Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт хүний амь нас хохироосон гэх мэдээлэл ирсэн. Уг мэдээллийн дагуу ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах алба, шүүхийн шинжилгээний ерөнхий газар, Хан-Уул, Сүхбаатар дүүргийн цагдаагийн газар мөн дүүргийн прокурорын газар тус тус хамтран хэргийн газарт холбогдох шалгалтын ажиллагааг явуулсан.
Мөрдөн шалгах ажиллагаагаар Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутагт оршин суух 20 настай эрэгтэй Д нь Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт 2024 оны зургаадугаар сарын 8-9-нд шилжих шөнө 32 настай эмэгтэй З-ийн амь насыг хохироосон. Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэр 2024 оны 20-21-нд шилжих шөнө 16 настай эмэгтэй Ш-ийн амь насыг тус тус хохироосон болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдож мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Гэмт хэргийг бүрэн гүйцэт шалгах, ажлын хэсэг байгуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Д-г яллагдагчаар татаж, энэ сарын 21-нээс цагдан хорьсон. Мөн өөр нуугдмал гэмт хэрэг байгаа эсэхийг шалгаж байна" гэлээ.