Зургийн эх сурвалж: golomtbank.com
Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), Монголын Банкны Холбоо, ТоС Холбоо хамтран хэрэгжүүлж буй “Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцыг санхүүжүүлэх туршилтын төсөл”-ийн талаар мэдээлэл хийлээ.
МБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Амар: “Эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд хор нөлөө багатай амины орон сууцыг өөрийнхөө хашаанд бариулсан тохиолдолд 18 сая төгрөг хүртэл хөнгөлттийг Улаанбаатар хотын гэр хорооллын иргэдэд олгох төсөл хэрэгжиж эхэлж байна.” хэмээлээ.
Монголын тогтвортой санхүүгийн холбооны гүйцэтгэх захирал Э.Номиндарь: “Эрчим хүчний хэмнэлттэй байшин гэдэг нь эдийн засгийн үр өгөөжтэй, цаашдаа урт хугацаандаа эдийн засгийн хэмнэлт үүсгэх байшин юм.Төслийн хүрээнд баригдаж буй байшинг энгийн байшингуудтай харьцуулахад эдийн засгийн хэмнэлт нь 500,000 төгрөг байгаа юм. Эдгээр байшин нь эрүүл мэндийн хувьд үр өгөөж өндөр бөгөөд амьсгалын замын өвчлөлийг бууруулдаг. Энэ жил 40 байшинг хөнгөлттэйгөөр 15 жилийн хугацаатайгаар олгох юм.” гэлээ.
Төсөлд хамрагдахын тулд ямар шаардлагуудыг хангах ёстой вэ?
- Улаанбаатар хотын гэр хороололд байнга оршин суудаг байх,
- Газраа өмчилсөн эсвэл зээл авах хугацаанд эзэмших эрхтэй байх,
- Сууцны үнийн 10 хувьтай тэнцэх урьдчилгаа төлбөрийг гаргах чадвартай байх,
- Дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдаагүй байх шаардлагатай.
Төсөлд хамрагдахын тулд ямар алхмуудыг хийх вэ?
- Төслийн шаардлагыг хангасан тохиолдолд зээл авах боломжтой банкнуудын аль нэг рүү холбогдож зээлд хамрагдах боломжтой эсэхээ судална,
- Зээлд хамрагдах боломжтой бол барилгын компаниудтай холбогдож загвар байшингуудтай танилцаж сонголтоо хийнэ.
- Барилгын компани газар дээр нь очин үнийг тогтоож, банкнаас зээлийн шийдвэр гарсан тохиолдолд 18 сая төгрөгийн буцалтгүй тусламж өгч барилгын ажлыг эхлүүлнэ.