УИХ дахь Төсвийн байнгын хороооны өнөөдрийн хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед олонхын дэмжлэг авсан саналыг нэмж тусгасан эцсийн хувилбар болон танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Энэ талаарх Байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.
Дараа нь “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед гишүүдээс хууль хоорондын нийцлийг хангах, өрийн удирдлагыг боловсронгуй болгох үүднээс тогтоолын төслийг боловсруулан батлуулах нь зүйтэй гэсэн санал дэмжигдсэн тул “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан байна.
Тогтоолын төсөлд Монгол Улсын зээл, тусламжийн нэгдсэн бодлогын хүрээнд төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн авсан зээл, тусламжийн мэдээлэлд шинжилгээ хийж, Өрийн удирдлагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д заасны дагуу Засгийн газрын гадаад зээлийн талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлох, Өрийн удирдлагын тухай хууль болон холбогдох бусад хуулийн өрийн удирдлагын эрх зүйн зохицуулалтын үр дүнд дүн шинжилгээ хийж, улсын нийт гадаад өр, улсын салбар, төрийн нийт өр, Засгийн газрын өр, орон нутгийн өр, төрийн болон орон нутгийн өмчит хувьцаат компанийн өрийн хамрах хүрээ, нэршил, тодорхойлолт, хязгаарлалтыг шинэчлэн боловсруулах, Засгийн газрын гадаад зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн, хэрэгжиж байгаа төслүүдийн үр дүн, үр ашигт дүн шинжилгээ хийх зэрэг асуудлуудыг тусгасан байна