Цагдаагийн байгууллагаас Бүгд Найрамдах Киргиз Улс, Бүгд Найрамдах Казакстан Улсын Интерполын Үндэсний төв товчоодтой хамтран энэ сарын 26-нд манай улсаас Интерполын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж байсан Монгол Улсын иргэн “Э”-г Бүгд Найрамдах Киргиз Улсад баривчилжээ.
Уг этгээд нь 2021 онд бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг үйлдээд, гадаад улсад оргон зайлж, хууль хяналтын байгууллагын хараа хяналтаас зугтаан, төв азийн улсуудад хууль бусаар амьдарч байсан бөгөөд Киргиз Улсад байхад нь царай таних камерын систем буюу технологийн тусламжтайгаар илрүүлж, цагдан хорьсон байна.
Энэхүү ажиллагааг Хууль зүй дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам, Улсын ерөнхий прокурорын газар болон Киргиз, Казакстан, Турк, Серби, Швед зэрэг улсын Интерполын Үндэсний төв товчоодтой хамтран хэрэгжүүлсэн аж.