Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Буянд шамдаж, бүх нийтээрээ амрах “Их Дүйчин” өдрийг 10 гишүүний санаачилгаар хуульчилж байв

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 42 секунд

Бурхан багш эхээс мэндэлж, 37 насандаа гэгээрлийн хутгийг олсон гэх бөгөөд 81 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлж нирваан дүрийг олсон өдөр нь зуны тэргүүн сарын шинийн 15-ны энэ өдөр тул Их дүйчин өдөр хэмээдэг. Бурханы шашинтай дэлхийн улс орнууд эл өдрийг онцгойлон хүндэтгэж, буяны үйлд шамдан, бие сэтгэлээ ариусгах зан үйлийг хийж ирсэн уламжлалтай аж.

Харин Монголчуудын хувьд Буддын шашин нь Монголын төрийн шашин байсан бөгөөд Монголын хаад арга билгийн ухаан, хатуу, зөөлөн үйлийн үрийн харилцан шүтэлцээ, номт төрийн гадаад, дотоод холбоо, шашин төрийн хос ёсны бодлогоор улс, түмнээ удирдан жолоодож ирсэн гэдэг. Тиймээс энэхүү өдрийг 2019 онд УИХ-ын нэр бүхий гишүүд бүх нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх баяр, амралтын өдөр болгох санаачилга гарган хуульчилж байжээ.

Тодруулбал, хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, Н.Амарзаяа, Б.Бат-Эрдэнэ, Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, Г.Мөнхцэцэг, Х.Нямбаатар, Ш.Раднаасэд, Д.Тогтохсүрэн, Д.Тэрбишдагва нар санаачилж байв

"БУДДЫН ШАШИН МОНГОЛЧУУДЫН ОЮУН САНААНЫ САЛШГҮЙ НЭГ ХЭСЭГ"

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: Монголчуудын эртний төрт ёсны улмжлалын нэг хэсэг нь буддын шашин. Зон олноороо хүндэтгэж, сүсэглэж ирсэн түүхтэй. Ард түмний оюун санаа, сэтгэлгээ, ертөнцийг үзэх үзлийн нэг үнэт зүйл буддын шашинтай салшгүй холбоотой.

Энэ утгаараа анх 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцүүлж УИХ-аар батлуулж байсан юм. Нэг талаас энэ өдрийг сурталчилгаа, сургалт, хүмүүнлэгийн чиглэлийн үйл ажиллагаа явуулах нь зүйтэй гэж хуулийн төсөл санаачлагчид үзэж байсан юм. Миний хувьд ч мөн будын шашин шүтдэг.

Хууль батлагдсанаас хойш эл өдрийг өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлж, жил бүр гандан хийдүүдэд сүсэгтэн олон хуран цуглаж, бурхан багшийн номын их айлдвар, сургаалыг даган баясаж, сэтгэлгээний төдийгүй зан үйлийн зөв дадлыг би олгож байгаа нь сайшаалтай санагддаг.

"ЁС ЗҮЙТЭЙ, ХҮНЛЭГ БАЙДЛЫГ ЭРХЭМЛЭХ НЬ ЗҮЙТЭЙ"

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Дэлхийн Буддын шашинтай олон улс орон Бурхан багшийн Их дүйчин өдрийг ёслол төгөлдөр тэмдэглэдэг. Бурханы шашин гэдэг бол сэтгэлээ засах л сургаал шүү дээ. Тиймээс хүн бүр өөрийнхөө сэтгэл рүү өнгийж, засаж бие биесээ илүү и хайрлаж, ойлгож, эв эеэ хичээх сайхан өдөр юм.

Энэ жилийн Бурхан багшийн Их дүйчин өдрийг Бурханы шашинтны төв Гандантэгчинлэн хийдээс “Ес зүйг эрхэмлэе” уриан дор тэмдэглэж байна. Миний хувьд маш их баяртай байгаа. Өнөөдөр Монголын нийгэмд ёс зүйг эрхэмлэх үзэл сургаалыг хэдэн зууныг дамжиж номлож ирсэн гэгддэг. Дэлхийн Бурханы шашинтай улс орнуудаас гурван их оройн дээд, лам нарын өлгий нутаг хэмээн нэрлэгддэг нь Төвд, Монгол, Хятад улс байдаг. Шашны оройн дээд зул болсон улс гэж хэлж болно.

Энэ зөвхөн нэг улс үндэстний эрх ашгийн тухай асуудал биш. Бурханы шашинтай улс гүрнүүдийн, цаашлаад дэлхийн хүн төрөлхтөн хооронд үүсээд буй дайн тулаан, мөргөлдөөн, байгалийн элдэв гамшиг ослын үед хүмүүс илүү их биесээ ойлгож, эвтэй байхыг хичээж, байгаль дэлхийгээ хайрлаж хамгаалах ухамсар болоод сэтгэлгээний зөв төлөвшилд Бурханы шашны номлол, зан үйл ихээхэн чухал нөлөөлдөг. Тийм учраас онцлон тэмдэглэх нь зүйтэй гэж үздэг. Миний хувьд ч мөн бурхны шашин шүтдэг учраас Их дүйчин өдрийг хүндэтгэлтэйгээр угтаж тэмдэглэдэг.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас Бурхан багшийн Их дүйчин өдрийг олон улсын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлж байхаар 1999 онд шийдвэрлэсэн байдаг байна. Харин манай улсад уг хуулийн төсөл батлагдсанаар үндэсний түүх, хэл, соёл, шашны өв уламжлал, зан заншлаа хадгалан хамгаалж, хөгжүүлэх, монголчуудын эв нэгдлийг бататгах, хүний эрх, эрх чөлөөг хангах эдийн засаг, нийгмийн эерэг, таатай боломж нөхцөл бүрдэнэ хэмээн үзэж байв.

Эдүгээ БНСУ, Тайланд, Шри Ланк, Сингапур, Япон, Энэтхэг, Вьетнам, Мъянмар зэрэг бурхны шашинт орнуудад Бурхан багшийн мэндэлсэн, гэгээрсэн, нирваан дүр үзүүлсэн Их дүйчин өдрийг олон нийтийн баяр, амралтын өдөр хэмээн тэмдэглэж, түүгээрээ ард түмнийхээ язгуур эрх ашиг, эв нэгдэл, сүшиг бишрэлийг хүндэтгэн дээдэлж, хойч үедээ хүнлэг энэрэнгүй, ёс зүйтэй, төлөвшсөн нийгмийг уламжлуулахыг эрхэм зорилгоо болгодог байна.

ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 21 хэм дулаан, бага зэргийн аадар бороотой
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 21 хэм дулаан, бага зэргийн аадар бороотой
 
Ерөнхийлөгчийн төсөвт тавьсан хоригийг Төсвийн байнгын хороо дэмжлээ
Ерөнхийлөгчийн төсөвт тавьсан хоригийг Төсвийн байнгын хороо дэмжлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.