2024 оны УИХ-ын ээлжит сонгууль болоход хоёр сарын хугацаа үлдлээ. Намууд нэр дэвшигчдээ тодруулах ажиллагаа өчигдөр эхэлсэн бөгөөд энэ сарын 20-нд эцсийн байдлаар нэрс тодрох юм. Үүнтэй холбогдуулан Ардчилсан хүчний холбооны Гүйцэтгэх захирал Б.Баттулга УИХ-ын сонгуульд нэр дэвших хүсэлтээ намдаа өгсөн байна. Энэ тухайгаа тэрбээр цахим хуудастаа "Өчигдрөөс сонгуулийн тухай хуулийн дагуу нам эвслүүд нэр дэвшигчдээ тодруулах ажиллагаа эхлэж байна.
Миний бие 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд БАЯНГОЛ дүүрэгт нэр дэвшиж, өрсөлдөх хүсэлтээ албан ёсоор дунд шатны намдаа бичгээр гаргалаа.
Эцсийн шийдвэрийг хуулийн хугацаанд багтаж Ардчилсан намын Удирдах дээд байгууллага гаргана" гэжээ.
Ардчилсан хүчний холбооны Гүйцэтгэх захирлаар ажиллаж буй Б.Баттулга нь төрд 12 жил ажилласан туршлагатай. Олон улсын харилцааны судлаач, дипломат мэргэжилтэй тэрбээр өмнө нь БНСУ-д суугаа Консулаар ажиллаж байжээ.