УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хэлэлцүүлгийн үеэр Засгийн газраас хэрэгжүүлж буй "5ш" ажиллагааны Шувуу ажиллагааны хэрэгжилт, үр дүнгийн талаар гишүүд асуулт асууж хариулт авлаа.
ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр: "Шувуу" ажиллагаа амжилттай явж байгаа. Гадагшаа оргон зайлж, эрэн сурвалжлагдаж байсан этгээдүүдийг буцаан авчрах ажил 75 хувьтай хийгдсэн. ХЗДХ-ийн сайдын тухайд хөрөнгө санхүүгийн хувьд өндөр зардал гарч байгаа учраас бүх талаар дэмжиж ажиллаж байгаа. Хамгийн сүүлд гэхэд бусдын амь насанд захиалгаар халдаж, оргон зайлсан этгээдийг авчирсан.
Шувуу ажиллагаа хэрэгжиж эхлэх үед Интерполын эрэн сурвалжлах улаан буланд 22, хөх буланд 70 этгээд буюу нийт 92 этгээд эрэн сурвалжлагдаж байсан. Тэгвэл 2024 оны 02 дугаар сарын 24-ний байдлаар буюу "шувуу" ажиллагаа хэрэгжсэн нэг жилийн хугацаанд Интерполын улаан булант зард 5 этгээд, хөх булант зард 52 этгээд буюу нийт 57 иргэнийг олж тогтоосон байна.
Мөрдөн шалгах чиг үүргийн байгууллагын олж авчирсан 13, сайн дураар хэргээ шийдвэрлүүлэхээр ирсэн 14 этгээдэд мөрдөн шалгах ажиллагаа явагдаж, дөрвөн иргэний хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэн байна. Шувуу ажиллагаа хэрэгжиж эхэлснээс хойших нэг жилийн хугацаанд гадаад улсад байгаа буюу эрэн сурвалжлагдаж байгаа 30 иргэний гадаад паспортын бүртгэлийг хүчингүй болгосон байгаа. Өөрөөр хэлбэл тухайн хүмүүсийн гадаадад зорчих, амьдрах боломжийг хязгаарласан гэсэн үг.