Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МУХАР СҮСЭГ: Иргэд хугарсан ясаа эдгээх гээд долоон айлын тогооны ХӨӨ УУЖ байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
8 минут 9 секунд

Хагалгаа амжилттай болбол лам багшийн ач, хагалгаа тааруухан болбол эмчийн буруу болдог" ийм л мухар, сохор сүсэгт Монголчууд хэдийнэ автжээ. Найман настай балчираас наян настай буурал хүртэл лам, бөөг өвчин анагаагч, ажил бүтээгч шидтэн гэж шүтэцгээнэ. Тухайлбал, гурван сарын өмнө нэг эмэгтэйн хамар дээр хатиг гарахад эмч дээр очилгүй лам, бөө дээр очоод сэтгүүрээр ухаж нээлгэсэн байгаа юм. Гэтэл тухайн эмэгтэйн хамрын үзүүр таславчийн мөгөөрсөн хэсэг үхжсэн талаар нэгэн эмч халаглан бичсэн байдаг.

Монголчуудын мухар сүсэг нь мэдлэг, боловсролгүйн үр дүн гэж мэргэжлийн судлаачид, сэтгэлзүйчид хэлж буй.

"Анхнаасаа лам биш эмч дээр ирэхгүй яав даа. Биеэрээ тоглуулчихлаа"

"Ариун лотус" сэргээн засах төвийн тасгийн эрхлэгч Э.Ганзориг "Хүмүүс хөл, гараа хугалчхаад лам дээр очоод улаан утас зүүчихдэг. Ингэлээ гээд хугарсан яс нийлэхгүй шүү дээ. Хоёр, гурван сарын дараа эмч дээр ирэхэд хугарсан яс нь буруу боройлсон, үрэвсэл их явагдсан, холбоос нь тасраад тогтворгүй байдал үүссэн байх жишээний. Нэг бол ламын хэлснээр улаан утас зүүж явсаар байгаад үеийн хөшингө их үүсдэг. Хөл гар нь хөдөлж чадахаа больчихсон, шулуун тэнийхгүй, нугалж чадахгүй болдог. Эдгээр хүмүүс буцаад эрүүл болтлоо ахиад 4-5 сар эмнэлгээр явдаг. Тэр хэрээр цаг хугацаа, мөнгө зарцуулна. Сүүлдээ өөрөө ч хямарна. "Анхнаасаа лам биш эмч дээр ирэхгүй яав даа. Биеэрээ тоглуулчихлаа" гэж их хэлдэг. Иргэдийн эрүүл мэндийн боловсрол сул.

Хүмүүс хугарсан ясаа эдгээнэ гээд гэртээ өөртөө дур мэдэн эмчилгээ хийж тарвагны ясыг хатааж байгаад нунтаглаж уудаг, тарвагны элэг, бөөр иддэг, долоон айлын тогооны хөө ууж байна.

Уг нь кальци болон витамин Д, алтангагнуурын ханд уух ёстой байтал нэмэлтээр амьтны гаралтай юм хэрэглэх болсон. 2023 оны судалгаанаас харахад баавгай, тарвага хэрэм зэрэг ичдэг төрлийн амьтад өөрсдөө ясаа маш хурдан нөхөн төлжүүлдэг юм байна лээ. Харин хүн удаан хугацаанд хэвтрийн дэглэм сахих тусам яс нь илүү хурдан сийрэгждэг. Тарваганы эд эрхтэн хүний биед сайн гэдгийг ямар ч шинжлэх ухаан тогтоогоогүй. Үүнээс харахад иргэд амнаас ам дамжсан зүйлсийг дур мэдэн хэрэглэдэг. Ер нь хүмүүс сэргээн засах эмчид хандахаас илүүтэй бариач дээр очдог болсон. Гэхдээ уламжлалтын бариач нар ясны хугарлыг эмчилнэ гэж байхгүй.

Тухайн хүний ясны хугарлын зөрүү, цууралтын аль болохыг нь мэдэхгүй байж шууд бариа хийгээд боолт хийгээд явуулчихдаг. Уг нь гэмтлийн дараа бариа хийхийг хориглодог.

Иргэд сэргээн засах эмчилгээнд явж байна гээд бариачаар яваад булчингууд нь улам гэмтдэг. Тэгэхээр эмчилгээгээ зөв сонгох хэрэгтэй. Хөдөлгөөн засал, сэргээх засах эмчилгээ бол маш том салбар. Анагаах ухааны суурь мэдлэггүй хүмүүс 15 хоногийн сургалтад суугаад л бариач болчихдог. Хүний биеийн анатоми мэдэхгүй хүмүүс ашгийн төлөө хүмүүсийн биеэр тоглоод байна. Үүнд эмч хүний хувьд их харамсаж явдаг. Тиймээс иргэдэд бэртэж гэмтсэн бол лам, бариачаар явалгүй мэргэжлийн эмчид хандахыг зөвлөж байна" гэлээ.

Өөртөө элдэв “гавьяа цол” өгч, бөө, удган болж хүмүүсийн итгэл үнэмшлээр мөнгө олдог хүмүүсийг шашны ёсоор “бэртэгчин” гэдэг

МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимийн багш, докторант С.Дэмбэрэл "Тухайн үзмэрч, зурхай зурдаг, мэргэ төлөг буулгадаг хүмүүсийг хэн баталгаажуулсан юм. Энэ асуудлыг төрөөс хянаж зохицуулдаггүй. Сүм хийдийн лам нар үнэмлэхтэй байдаг. Зарим үздэг хардаг, зурхай зурдаг гэх хүмүүс өөртөө элдэв “гавьяа цол” өгч, бөө, удган болж, эсвэл лам дээл өмсөөд хүмүүсийн итгэл үнэмшлээр мөнгө олж байна. Тийм хүмүүсийг шашны ёсоор “бэртэгчин” гэдэг. Тэд хүмүүсийн итгэл үнэмшлээр тоглож, эд хөрөнгө, мөнгөний хойноос хөөцөлдөх нь буддын сургаальтай таарч тохирохгүй.

Амьдралд нь өвчин, үхэл хагацал, зовлон бэрхшээл тохиолдсон хүмүүс бөө, зайран, удган, лам хувраг, үзмэрч, зурхайчид ханддаг болохоор ядарч зовсон хүмүүсийн мөнгө төгрөгт шунах нь ёс суртахуунгүй үйлдэл болно.

Шашны нэр барьсан зарим хүн өөрийнхөө хүсэл, шунал тачаалыг гүйцэлдүүлэхийн тулд хүмүүсийн итгэл бишрэлээр далимдуулж гэр бүлээс нь салгах, хүчирхийлэх, эд хөрөнгийг нь заруулаад өөртөө хандив болгож авах тохиолдол ч байна. Шүтэж буй шашныхаа мөн чанарыг ойлгохгүй хүмүүс олон бий. Мэдээж шашны сургаалийг ойлгож шүтэхгүй болохоор ёс зүйн хэм хэмжээ доошилж, шашны нийгэмд гүйцэтгэх үүрэг буурч эхэлнэ. Шашин нь нийгэмд сэтгэл санааг тайвшруулах, соёлыг хадгалах, хүмүүсийн харилцааг зөвөөр зохицуулах, соён гэгээрүүлэх, ухааруулах гэх мэт үүргийг гүйцэтгэдэг.

Хэрэв шашин үүргээ гүйцэтгэж байх юм бол зорилго нь биелнэ. Өнөөгийн нийгэмд шашны үүргийг тодотгосон ойлголт бол ёс суртахуун юм. Шашны сургаал номлол, зан үйлийн бэлгэдэл, учир утгыг ойлгохгүй шүтэх нь мухар сүсэг юм.

Мухар сүсэгт автсан хүмүүс сул дорой болдог

ОТИС-ийн Сурган хүмүүжүүлэх сэтгэл судлалын тэнхимийн эрхлэгч Доктор (Ph.D) Б.Энхбаяр “Мухар сүсэг нь айдас, түгшүүрээс үүдэлтэй. Хүн төрөлхтний сэтгэл хөдлөлийн хамгийн хүчтэй авахыг хүсдэггүй мэдрэмжүүдийн нэг нь ганцаардал болон айдас байдаг. Айдас нь өөрөө хүний зан үйлийг чиглүүлдэг. Тухайн хүнд айдас, түгшүүр байгаа учраас түүнээс сэргийлж байгаа зан үйл нь мухар сүсэг болж таарч байгаа юм. Мухар сүсгийг хүн ямар ч шалтгаангүйгээр даган дуурайдаггүй. Хүн эхлээд ойлгочхоод дуурайдаг ч мухар сүсгийг хийхдээ ухамсрын түвшний тодорхой үйлдлээр хийгддэггүй гэсэн үг.

Жишээлбэл, тухайн хүнд өгүүлбэртэй бодлого өгөөд бодуулахад тархи нь идэвхжиж ажиллана. Харин мухар сүсгийг хийхэд хүний тархи тэгж идэвхжиж ажилладаггүй. Яагаад гэхээр тухайн хүнд мухар сүсэгт автах нь тархиа ажиллуулахаас илүү амар.

Өөрөөсөө үл хамааралтай зүйлд найдах нь илүү хялбар л гэсэн үг. Мухар сүсэгт автсан хүмүүс сул дорой болдог. Хүний ухамсраараа аливаа асуудлыг шийдэх бололцоог хааж эхэлдэг гэсэн үг. Өөрөөр хэлбэл тархины эд, эс хөгжих бололцоог хааж хүн бодитоор юмс үзэгдлийг хүлээж авахаа больдог" гэв.

Монгол Хятадын хамтарсан “Талын түнш-2024” хээрийн сургууль эхэллээ
Монгол Хятадын хамтарсан “Талын түнш-2024” хээрийн сургууль эхэллээ
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.