2020 оны сонгуулиар байгуулагдсан найм дахь парламентад сонгогдсон төрийн түшээдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг цувралаар бэлтгэн хүргэж буй. Бид өмнө нь УИХ болон Засгийн газрын бүрэлдэхүүнд багтсан сайд, гишүүдийн 2019-2022 оны хооронд орлого, хадгаламж, үнэт эдлэл, үл хөдлөх хөрөнгө хэрхэн өсөж бас буурсан талаар мэдээлсэн бол энэ удаа тээврийн хэрэгслийн үнэлгээ, түүнд гарсан өөрчлөлтийг танилцуулж байна.
УИХ-ын 76 гишүүний зөвхөн тээврийн хэрэгслийн нийт үнэлгээ нь 15.6 тэрбум /15,693,607,600 / төгрөг болж байна. Мэдээж хувийн машины тоо, үнэлгээ нь харилцан адилгүй.
Зарим гишүүн парламентад суух хугацаандаа хувийн автомашиныхаа тоог нэмж, үүнийг дагаад үнэлгээ нь тэнгэрт хадсан байхад, эсрэгээрээ явгарсан нь ч бий. Мөн УИХ-ын гишүүн болсон ч хөл дүүжлэх унаагүй нь ч байлаа.
ТОП-10: УИХ-ЫН ГИШҮҮДИЙН АВТОМАШИН 199-953 САЯ ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЖЭЭ
Бид төрийн түшээдийн ХОМ-ээс тээврийн хэрэгслийн үнэлгээг 2019 болон 2022 онтой харьцуулан дүн шинжилгээ хийсэн юм. Өндөр үнэлгээтэй машинтай УИХ-ын гишүүдээс Ц.Анандбазар, Б.Дэлгэрсайхан, Н.Учрал нар толгой цохиж байна. ТОП-10 жагсаалтад багтсан 10 эрхмийн автомашины үнэлгээ хамгийн багадаа 199 сая төгрөгөөс 953 сая хүртэл нэмэгджээ.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан 2019 онд жийп болон Land Rover, Range Rover зэрэг 200 сая /200,000,000/ төгрөгөөр үнэлэгдэх хоёр автомашинтай байж. Мөн 2022 онд Жийп болон туулах чадвар өндөр Mercedes Benz, G 500- 1, Lexus, 570- 1 зэрэг автомашины үнэлгээ нь 850 сая /850,000,000/ төгрөгөөр үнэлэгдэж байна. Өөрөөр хэлбэл, түүний машины үнэлгээ 3 жилийн дараа 650 сая /650,000,000/ төгрөгөөр нэмэгдсэн гэсэн үг.
АВТОМАШИНЫ ҮНЭЛГЭЭ НЬ БУУРСАН УИХ-ЫН 10 ГИШҮҮН
Эсрэгээрээ УИХ-ын гишүүдээс машины үнэлгээ нь гурван жилийн дотор 16 сая /16,000,000/ төгрөгөөс 705 сая /705,000,000/ төгрөг хүртэл буурсан 10 гишүүнийг танилцуулж байна. Жагсаалтыг УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Т.Аюурсайхан, Э.Батшугар нар тэргүүлж байгаа юм.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн араас жагсаж буй Т.Аюурсайханы автомашины үнэлгээ 3 жилийн дотор 154.9 сая /154,900,000/ төгрөгөөр буурчээ. Тэрбээр 2019 онд Infiniti, QX60- 1, Toyota Prius XW30- 1, Nissan, Patrol зэрэг нийт 307.9 сая /307,900,000/ төгрөгөөр үнэлэгдэх автомашинтай байжээ. Тэгвэл 2022 онд энэ дүн 153 сая төгрөг /153,000,000/ болж үнэлгээ нь буурч, машины тоо багасжээ.
Ц.АНАНДБАЗАР VS Ш.АДЬШАА
Дээрх жагсаалтаас харьцуулахад өндөр үнэлгээтэй машинтай гишүүдээс Ц.Анандбазар тэргүүлж байгаа бол хамгийн бага үнэлгээтэй нь Ш.Адьшаа байгаа юм.
УИХ-ын Ц.Анандбазарын тухайд үл хөдлөх хөрөнгөөс гадна автомашины үнэлгээ нь хамгийн их өссөн гишүүдийн нэгт багтаж буй.
Түүний Lexus-570, микро автобус, Toyota Alphard, Land Cruiser-200, тусгай зориулалтын машин, Mercedes Benz ND4190CS4J зэрэг зургаан автомашин 953 сая төгрөгөөр үнэлэгдэж байгаа юм. Энэ бол 2022 оны дүн мэдээ. Харин 2019 онд тэрбээр автомашингүй байв.
Эсрэгээрээ УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн машины үнэлгээ нь хамгийн их буурч 3 жилийн дотор 705 сая /705,000,000/ төгрөгөөр багасжээ. Гэсэн ч түүний автомашин 232 сая /232,000,000/ төгрөгөөр үнэлэгдэж байна.
2019 онд түүний Mercedes Benz G-500, Volkswagen Passat, Toyota Land Cruiser-200, Hyundai Sonata-7 зэрэг дөрвөн автомашин нийт 937 сая /937,000,000/ төгрөгөөр үнэлэгдэж байв. Харин 2022 онд Toyota Land Cruiser-200, Hyundai, Sonata-7 зэрэг автомашины тоо хоёр болж буурсан бөгөөд 2022 онд 232 сая /232,000,000/ төгрөгийн үнэлгээтэй.
УИХ-ЫН ГИШҮҮНЭЭР СОНГОГДСОН Ч АВТОМАШИНГҮЙ БОЛСОН ГУРАВ
УИХ-ын гишүүнээр сонгогдсныхоо дараа хэтэвч нь зузаарахын хэрээр хөрөнгөө тэлж өнгөө зассан нэг хэсэг байхад, эсрэгээрээ улам “бүсээ чангалсан” нь бий. Зөвхөн тээврийн хэрэгслийг цохон авч үзвэл, 2019 болон 2022 онтой харьцуулбал автомашингүй болсон УИХ-ын гурван гишүүн байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Г.Амартүвшин, С.Одонтуяа нар парламентад суух хугацаандаа машингүй болжээ. Гурван жилийн өмнө болон дараахыг харьцуулъя.
- МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн 2022 онд автомашингүй болсон. 2019 онд түүний Lexus RX-330 автомашин 79.8 сая /79,800,000/ төгрөгийн үнэлгээтэй байжээ.
- УИХ-ын гишүүн Г.Амартүвшин 2022 онд машингүй болжээ. 2019 онд түүний Mercedes Benz G 55 AMG болон Mercedes Benz ML350 хоёр автомашин 660 сая /660,000,000/ төгрөгөөр үнэлэгдэж байв.
- УИХ-ын гишүүн С.Одонтуяа 2022 онд тээврийн хэрэгсэлгүй гэж бүртгүүлсэн ба 2019 онд 3.6 сая /3,600,000 / төгрөгөөр үнэлэгдэх том оврын КАМАЗ-4310 автомашинтай байжээ.
ХӨЛ ДҮҮЖЛЭХ УНААГҮЙ УИХ-ЫН ГИШҮҮД
УИХ-ын 76 гишүүн дотор төмөр хүлэг нь оймс шиг солих олон, өндөр үнэлгээтэй эсвэл тоог багасгахын хэрээр үнэлгээ нь буурсан толгой хоргодох орон гэргүй, хөл дүүжлэх унаагүй сайд байхад өчнөөн сая, тэрбумаар хэмжигдэх үл хөдлөх хөрөнгөтэй ч хувьдаа машингүй явган УИХ-ын гишүүн ч цөөнгүй.
Тухайлбал, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар тээврийн хэрэгсэлгүй ч үл хөдлөх хөрөнгө 171.5 сая / 171,500,000 / төгрөг гэж 2022 онд мэдүүлжээ.
Барилгын салбарын акул гэгдэх УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн толгой хоргодох орон гэргүй болсон тухайгаа 2022 онд мэдүүлсэн бол мөн тээврийн хэрэгсэлгүй гэж дурджээ.
Түүний хувьд 2019-2022 он хүртэл хувьдаа нэг ч автомашингүй. Харин 2019 онд түүний үл хөдлөх хөрөнгө 365.9 сая төгрөг /365,960,000/ төгрөгийн үнэлгээтэй байна.