Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улсын зэрэглэлтэй зургаа, орон нутгийн зэрэглэлтэй 34, дагуул 4 хотыг байгуулж бие даан хөгжүүлнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 1 секунд

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2024.05.03/ хуралдан Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Хуулийн төслийн талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан танилцуулав.Тэрбээр:

-Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд дараах үндсэн агуулга бүхий зохицуулалтуудыг тусгажээ.

Хотын өөрийн удирдлага нь хотын зөвлөл, хотын захирагч байх бөгөөд тэдгээрийн хотын оршин суугчдаас сонгоно. Ингэснээр оршин суугчид хотынхоо үйл хэрэгт шууд сонгож байгуулсан төлөөллийн байгууллага болон төлөөлөгчдөөр дамжуулан оролцох боломжтой болох төдийгүй хариуцлагын тогтолцоо ч ойлгомжтой болно гэж үзжээ. Хот тосгонд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын зарим чиг үүргийг шилжүүлсний үндсэн дээр хот, тосгон, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн нэгэн адил төрийн үйлчилгээ болон нийтийн аж ахуйн иж бүрэн үйлчилгээг иргэдэд үзүүлэх боломж бүрдэж иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулан тэгш хүртээмжтэй болгохоор төлөвлөжээ.

Хотын эдийн засгийн үндэс нь улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгө, түүнчлэн орон нутгийн өмч татварын болон татварын бус орлого, дэд бүтцийн сангийн болон бусад сангийн хөрөнгөөс бүрдэх ба хот нь эдийн засгийн хувьд бие даан хөгжих нөхцөлийг бүрэн хангана гэж үзэж хуулийн төсөл санаачлагчид үзэж буй юм байна. Хот тосгод дүрэмтэй болж хууль тогтоомжоор зохицуулагдаагүй хот тосгоны амьдрал, үйл ажиллагаа, нийгмийн асуудалтай холбоотой зүйлийг оршин суугчдын оролцоотой шийдвэрлэдэг болно гэлээ. Хот бүрдүүлэгч инженерийн болон дэд бүтцийг хөгжүүлэх, дулаан, цахилгаан, холбоо, цэвэр, бохир ус, үерийн хамгаалалтын барилга байгууламжийн инженерийн шугам сүлжээний арчлалт, өргөтгөл шинэчлэлт, эх үүсвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг үйл ажиллагаанд зориулагдах санхүүжилтийг бие даан бүрдүүлэх зорилго бүхий хотын дэд бүтцийн хөгжлийн сантай байхаар тусгажээ.

Хотууд нь хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, орчноо тохижуулах, авто замын түгжрэл, хог хаягдал, орчны бохирдлыг шийдвэрлэхэд иргэд, аж ахуйн нэгж байгууллагын оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн Ногоон хөгжлийн сантай байх аж. Хот байгуулах тухай УИХ-ын тогтоолын төсөлд “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хот хөдөөгийн сэргэлтийн бодлогод нийцүүлэн Дархан, Эрдэнэт, Зуунмод, Шинэ Хархорин, Налайх, Багануур гэсэн улсын зэрэглэлтэй зургаа, орон нутгийн зэрэглэлтэй 34, дагуул 4 хотыг байгуулж бие даан хөгжүүлэхээр төлөвлөжээ.

9 дүүрэг 204 хороотой. Нийслэл Улаанбаатар хотыг 14 хот, 42 хороотойгоор шинэчлэн зохион байгуулж, 214 Засаг даргатай байсныг 4 дахин цөөрүүлэхээр тооцсон байна.

Ингэснээр чиг үүргийн төвлөрөл буурч хотын оршин суугч амьдарч байгаа газраасаа 20 минутын газарт сургууль, цэцэрлэг, эмнэлэг, нийтийн тээврийн үйлчилгээний буудал, цэцэрлэгт хүрээлэн, худалдаа үйлчилгээний болон бусад нийгмийн үйлчилгээг авч байхаар “20 минутын хот” стандарт төлөвлөлтийн концепцыг хэрэгжүүлэх боломж бүрдэж байгаа хэмээн танилцуулав. “20 минутын хот” стандарт хэрэгжсэнээр иргэдийн төрийн үйлчилгээг авах, амьдрах орчноо сайжруулах илүү боломж бүрдэнэ гэж үзэж байгаа аж.

Ж.Чинбүрэн: Ахмадуудыг рашаан сувиллаар л нэг аргалахаас өөр олигтой дэмжлэг байхгүй
Ж.Чинбүрэн: Ахмадуудыг рашаан сувиллаар л нэг аргалахаас өөр олигтой дэмжлэг байхгүй
 
Тос, масло түлж, агаар бохирдуулсан зөрчил илэрчээ
Тос, масло түлж, агаар бохирдуулсан зөрчил илэрчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.